“Токио-2020” зуны Олимпын тухай баримтууд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТТОКИО.
/CNN/. Токио хотод өмнө нь 1964 онд зуны Олимпын
наадмыг зохион байгуулж байсан бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү тус наадмыг
зохион байгуулах гэж байна. Токио нь 2016 оны Олимпыг зохион байгуулах эрхээ
авч чадаагүй билээ.
Түүнчлэн 1972, 1998 оны өвлийн Олимпын наадмуудыг Япон улсын Саппоро болон Нагано хотуудад тус бүр зохион байгуулж байсан аж.
ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР БОЛОН СПОРТЫН ГАЗРЫН ЗУРАГ
Тэмцээнд оролцох урилгыг дэлхийн 206 Үндэсний Олимпын Хороог төлөөлөх улс орон, мужууд, нутаг дэвсгэр, олимпод оролцох дүрвэгсдийн баг руу илгээжээ.
Олимпын наадамтай холбоотой шийдвэрүүд
2012 оны 5 дугаар сарын 23- 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хотоор Истанбул, Мадрид, Токио хотууд шалгарч үлджээ.
2013 оны 9 дүгээр сарын 7- Тийнхүү 2020 оны зуны Олимпын наадмыг Японы нийслэл Токио хотноо зохион байгуулахаар болсныг Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотод болсон Олон улсын Олимпын хороо /ОУОХ/-ны 125 дахь удаагийн чуулганы үеэр зарлажээ.
2014 оны 5 дугаар сарын 7- NBC телевиз 2032 оны зуны Олимпын наадмыг шууд дамжуулан үзүүлэхийн тулд 7.7 ам.доллар төлөхөөр тохиролцжээ. 2032 оны зуны Олимпын наадам нь 23 дахь удаагийн шууд дамжуулалт болох аж.
2016 оны 8 дугаар сарын 3- Олон улсын олимпын хороо (ОУОХ) Олимпын наадамд скейтборд буюу тавцантай гулгах төрөл, каратэ, сөрфинг буюу далайн давлагаагаар гулгах, спорт авиралт, бейсбол/софтбол гэсэн таван шинэ спортыг нэмжээ.
2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар- “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооноос "Хүн бүрийн медаль" аяныг эхлүүлж, Олимп, Паралимпын наадамд зориулж металл салгаж авах боломжтой цахилгаан төхөөрөмжүүд хандивлахыг иргэдэд уриалжээ. Аяны хүрээнд ойролцоогоор 6 сая ширхэг буюу 79,000 тонн бүхий хуучин гар утас болон бусад жижиг электрон төхөөрөмжийг цуглуулсан байна.
2018 оны 2 дугаар сарын 28- “Токио-2020” зуны олимп, паралимпын наадмын бэлгэдэл сахиус /Маскот/-ыг зарлалаа. Зохион байгуулагчдын мэдээлснээр, сахиусууд нь "эсрэг тэсрэг зан чанаруудтай" хэдий ч бие биенээ хүндэлдэг футурист супер баатрын амьтад ажээ.
2018 оны 7 дугаар сарын 21- Олимп, Паралимпын наадмын бэлгэдэл сахиусны нэрс ил боллоо. Олимпын наадмын бэлгэдлийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийг “Сомейти” гэж нэрлэсэн билээ. "Мираи-Това" гэж дууддаг Мираитова бол цэнхэр, цагаан өнгийн Олимпын сахиус юм. Энэ нэр нь Япон хэлний “мираи” буюу ирээдүй, “това” буюу үүрд мөнх гэсэн утгатай үгсийг нэгтгэсэн хувилбар ажээ. Харин "Со-мей-ти" гэж тодотгодог нь ягаан, цагаан өнгийн Паралимпын сахиус юм. “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна.
2018 оны 8 дугаар сарын 7- “Токио-2020” зуны олимпын хорооноос оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд нүүр царай таних технологи ашиглах тухай мэдэгдэв. Тамирчид, холбогдох албаныхан, ажилтнууд болон хэвлэлийнхэн зэрэг хүмүүсийн нүүрний дүрсийг мэдээллийн санд хадгалж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх аж. Энэ ажлыг программ хангамжийг "NEC" корпорац хариуцжээ.
2019 оны 7 дугаар сарын 24- “Токио-2020” зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид медалийн дизайныг олон нийтэд танилцууллаа. Медаль нь хайрга чулуутай төстэй харагддаг бөгөөд 8.5 сантиметр диаметртэй ажээ. Бүх медалийг зөөврийн компьютер, гар утас, зургийн аппарат зэрэг электрон хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулан бүтээхээр болов.
2019 оны 12 дугаар сарын 4- “Greenpeace” байгууллагын тайланд дурдсанаар, 2020 оны 3-р сарын 26-нд Олимпын бамбарын буухиа эхлэх Японы зүүн хойд Фукушима муж дахь спорт цогцолбороос өндөр түвшний цацраг идэвхт цэгүүдийг илрүүлжээ. Тус тайланд Японы Байгаль орчны яамнаас спорт цогцолборын ойролцоох бохирдсон хөрсөнд ариутгал хийсэн талаар мөн дурдсан байна.
2019 оны 12 дугаар сарын 15- Олимп, Паралимпын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт боллоо. Архитектор Кенго Кумагийн бүтээсэн 68,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн өртөг 157 тэрбум иен буюу 1.4 тэрбум ам.доллар болжээ.
2020 оны 1 дүгээр сарын 10- Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гаргасан удирдамжид тамирчдыг талбай, медалийн тавцан дээр болон нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааны үеэр эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг анхааруулжээ.
2020 оны 3 дугаар сарын 12- Олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод асаалаа. Уг ёслолын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулжээ. 2020 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн Японы бүх мужаар аялуулах бамбарын буухиа 121 хоногийн хугацаанд үргэлжлэх хуваарьтай байв.
2020 оны 3 дугаар сарын 24- Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Олимпын наадмыг 2021 он хүртэл хойшлуулахаар тохиролцов. Уг наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио 2020” гэсэн нэрийг хэвээр нь авч үлдэхээ мэдэгджээ.
2020 оны 3 дугаар сарын 30- “Токио-2020” зуны олимп 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд болно гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос мэдэгдэв.
2020 оны 12 дугаар сарын 22- “Токио-2020”
зуны олимпын наадмын бэлтгэл, зохион
байгуулалттай холбоотой гарах зардлын хэмжээ 15.4
тэрбум ам.долларт хүрнэ гэж наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн нь анхны төлөвлөсөн зардлын хэмжээнээс 2.4 тэрбум орчим ам.доллароор илүү байжээ. Олимпын наадмыг бүтэн жилээр хойшлуулсан нь зардлыг ийнхүү нэмэгдүүлсэн байна.
Мөн “Токио-2020” зуны олимпын наадам болон Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 100 тэрбум иен буюу 900 орчим сая ам.доллар зарцуулахаар болсон байна.
2021 оны 5 дугаар сарын 26- Японы "Асахи Шимбун" сониноос тус улсад коронавирусний цар тахлын дэглэм тогтоосонтой холбогдуулан Олимпын наадмын арга хэмжээг цуцлахыг уриалсан нийтлэл гаргажээ. Тус сонин нь “Токио 2020” Олимпын наадмын албан ёсны түнш юм.
2021 оны 7 дугаар сарын 8- Японы Олимпын хорооноос Олимпын наадам болох хотуудад коронавирусний онц байдлын дэглэм тогтоосон тул үзэгчидгүй болно хэмээн мэдэгджээ.