Япон дахь Монголын экспортын цахим үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-23 17:12:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Японы бизнес эрхлэгчид энэ оны 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 5 хүртэл www.ExportMongolia.org цахим талбарт чуулж, хоёр орны эдийн засгийн түншлэлийн талаар хэлэлцлээ. Цахим уулзалтыг Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын ГХЯ, ХХААХҮЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ хамтран зохион байгуулж, цахим чуулга уулзалт, үзэсгэлэн нь семинар-экспо-В2В буюу цахимаар нүүр тулсан эчнээ уулзалт гэсэн 3 хэлбэрээр болсон юм. 

Японы гадаад худалдааг дэмжигч “Жетро” байгууллагын дэд ерөнхийлөгч O.Күбота цахим чуулганы нээлтэд оролцож үг хэлэхдээ, "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Япон, Монголын хоорон дахь эдийн засгийн хамтын ажиллагааны чухал арга хэрэгсэл болж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж буй"-г онцолсон юм. Хэдий тийм боловч зарим ААН, компани Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглан Япон руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох, Японы зах зээлд нэвтрэхэд бизнесээ өргөжүүлэх ямар нэгэн тодорхой арга хэрэгслийн талаар ойлголт хангалттай бус байна. Тиймээс тулгарч буй бэрхшээл болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар дахин нэг удаа цэгцлэн тайлбарлахад хүрч байна. Чуулганд оролцож буй Монголын компаниуд энд олж авсан мэдээлэлдээ үндэслэн бараа бүтээгдэхүүнээ Япон руу  экспортлох болон Японы зах зээлд нэвтрэх талаар тодорхой арга хэрэгслийг олж мэдээд, бодитоор хэрэгжүүлэх байх хэмээн найдаж байна хэмээн мэдэгдсэн юм.

Монгол Улсын ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хэлэхдээ "Монгол Улсын нийт экспортын 10.8 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлдэг байсан боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ тоо үзүүлэлт 2020 онд нэлээд унаж, одоогийн байдлаар 7.5 хувьтай байгаа. Энэ бол 40 орчим хувиар унасан гэсэн статистик юм. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хүрээнд ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бараа зэрэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэхэд, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгож буй хөнгөлөлт, давуу талыг ашиглах явдал чухлаар тавигдаж байна. Манай уул уурхайн бус салбарын бизнесүүд ихэвчлэн ЖДҮ эрхлэгчид байдаг" гэдгийг тодотгосон юм. Тэрээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ үр дүн дагуулна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.




Чуулганы үр дүнгийн талаар “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодруулав.

-Чуулга уулзалтад зохион байгуулагчдаас өөр ямар байгууллагууд оролцов?

-Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл, Үндэсний хөгжлийн газар, "Жайка" олон улсын байгууллага, Монгол Япон хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг байгууллага мөн дэмжиж хамтран оролцлоо. Манай талаас мөн 80 гаруй байгууллага, ААН, бизнесийн төлөөлөл  цахим үзэсгэлэнгээ гаргаж оролцсон.

Цахим форумын хүрээнд Монголын хүнс, хөнгөн үйлдвэр, мөн аялал жуучлал, мэдээлэл технологийн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй цахимаар уулзлаа. 

-Цахим үзэсгэлэнг цаашид үргэлжлүүлнэ гэж байна. Энэ талаар тодруулна уу?

-Цахим үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх байсан боловч зохион байгуулагчдын зүгээс ААН-үүдээ дэмжин энэ оны 9 дүгээр сарын 15 хүртэл цахим талбарт үргэлжлүүлэн үзэсгэлэнг байршуулан Японд сурталчлахаар болсон.


Энэ оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 5-ны хооронд Япон улсад зохион байгуулах, олимпод оролцсон орнуудыг сурталчлах үйл ажиллагаа Токио хотын метроны хамгийн том буудал "Токио эки" дээр болох юм. Энэ хүрээнд болох өдөрлөгийн үйл ажиллагаанд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг цахим форумд оролцсон компаниуддаа олгохоор болж байна.


Ер нь цахим уулзлалтаар нийт 6 удаагийн танилцуулга уулзалт болсон. 6 дугаар сарын 25-нл Японы "Жетро" байгууллагын зохион байгуулсан Монголын талын экспортыг нэмэгдүүлэх семинар нь Монголын бизнесийн салбарынхан тэр дундаа экспортыг зорьж буй бизнесүүдэд маань ихээхэн үр өгөөжтэй мэдээ мэдээлэл өгсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Манай бизнес эрхлэгчид 6 дугаар сарын 28-наас эхлэн салбар салбараараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж хамтын ажиллагаа эрэлхийлсэн саналуудыг  тавьж, идэвхтэй оролцлоо.

Цахим үзэсгэлэнгийн талаар танилцуулахад, үзэсгэлэнгийн танхимаар 5000 гаруй хүн зочилж,  Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан. 200 гаруй зочид хурлын танхимаар зочилж салбар, салбарын мэдээлэлтэй танилцсан гэв.




Японы бизнес эрхлэгчид цахим үзэсгэлэнд оролцсон манай ААН-үүдийн бараа, бүтээгдэхүүнийг хэр сонирхож байна. Цаашдын хамтын ажиллагааны ямар боломж нээгдэж буйг тодруулахад тэрээр,

-Нийслэлийн Баянгол дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үзэсгэлэнгийн бүүт хамгийн их хандалтыг авсан. Тус дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс 19 үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг уг цахим үзэсгэлэнгээр дамжуулж Япон улсын зах зээлд танилцуулсан. Энэхүү уулзалт үзэсгэлэнд Өмнөговь, Дорноговь, Баян-өлгий, Дархан-Уул аймгууд аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдээ өргөнөөр хамруулж оролцон аймгийн онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажилласан. Нийслэлийн 9 дүүргийн ЖДҮҮ-ийг  дэмжих төвүүд  дүүргийн жижиг,  дунд бизнес эрхлэгчдээ нэгтгэн нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулсан нь цар тахлын энэ хүнд үед аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн чухал ажил боллоо. Мөн Монголын Ноос ноолуурын холбоо, Жимс жимсгэнэ үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, ХАА-н Хоршоологчдын үндэсний холбоо, Мэдээлэл технологийн парк зэрэг байгууллага дэмжин оролцож төр,  хувийн хэвшил ТББ байгууллагууд маань идэвхтэй хамтран ажиллалаа.




Үйл ажиллагааны үеэр Япон талаас Жетро, Жайка, Япон дахь Монгол төв, Монгол японы хүний нөөцийн хөгжлийн төв, "Монголиан валкер" сэтгүүлийн хамт олон зэрэг байгууллага идэвхтэй оролцож Монголын бизнесийн салбарынханд мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэх, туршлагаасаа хуваалцах зэргээр оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр Японд сарлагийн хөөвөр болон ноосон бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны сувагтай холбоо тогтоож цаашдаа Японы зах зээлд Монгол бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр хамтран ажиллах боломж манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд  нээгдлээ. Мөн ХАА-н гаралтай төслийн хүрээнд боломжууд нээгдлээ" гэсэн юм. Нэг ёсондоо сорилтоос боломж, гарц эрэлхийлсэн үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэж байв. 




Тодруулга: Япон улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас шууд чөлөөлсөн. Харин манай улс Японоос импортлож буй 3423 төрлийн барааг мөн дээрх татвараас чөлөөлсөн. Энэ бол хоёр орны хооронд 2016 онд байгуулан хэрэгжүүлж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн юм. Тодруулбал, дээрх хэлэлцээрээр Монгол Улс 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлсөн. 

Хэлэлцээр байгуулснаар Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы зах зээлд танилцуулж экспортыг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна. Япон улс руу хийж буй манай кспортын гол нэрийн бараанд самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн  дийлэнх хувийг эзэлж байгаа. Сүүлийн жилүүдэд экспортын нэр төрөл  хүнсний бүтээгдэхүүн, арьсан эдлэл, ноосон бүтээгдэхүүн, экологийн бусад бүтээгдэхүүнээр  нэмэгдэж буй. 

Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 5 жил болж байна. 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Эдгээр ой, жилийг угтан хоёр талын бизнес уулзалт, үзэсгэлэнг зохиох гэж байна.  


Холбоотой мэдээ