“Sinopharm”-ын вакцин “Дельта” хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байгааг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-07-24 17:43:13

КОЛОМБО. /Xinhua/. Шри-Ланка улсын тэргүүлэх их сургуулиудын нэг “Sri Jayewardenepura” сургуулийн судлаачид Хятадын “Sinopharm” компанийн “COVID-19”-ийн вакцин сүүлийн үед дэлхий даяар давамгайлан тархах болоод буй “Дельта” хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байгааг тогтоожээ.


“Энэхүү вакцин “Дельта” хувилбарын эсрэг ч мөн маш үр дүнтэй болохыг тогтоолоо. Тодруулбал, эсрэг биетийн хариу урвал болон саармагжуулагч эсрэг биетүүд нь байгалийн дархлаатай ижил түвшинд байсан” гэж тус их сургуулийн цахим хуудсанд нийтэлсэн судалгаанд бичсэн байна.


Уг судалгаагаар тогтоосноор, “Sinopharm”-ын вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн 95 хувьд нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийнхтэй ижил эсрэг биет үүссэн байна. 


Мөн “Sinopharm”-ын вакцины хоёр тун нь тариулсан хүмүүсийн 81.25 хувьд саармагжуулах эсрэг биет үүсгэсэн бөгөөд түүний түвшин нь халдвар авсан хмүүүсийнхтэй ижил байжээ.


Судлаачдын багийн бүрэлдэхүүнд Шри-Ланкын эрдэмтэд болох “Sri Jayewardenepura” их сургуулийн Дархлаа судлал, молекулийн эмчилгээний хэлтэсийн дарга, профессор Нилика Малавиг, доктор Чандима Живандара болон Оксфордын их сургуулийн судлаачид болох профессор Грэм Огг, профессор Ален Таунсенд нар багтжээ.


Xinhua” агентлагт Н.Малавигийн мэдээлснээр, “Sinopharm”-ын вакцин нь Шри-Ланка дахь хамгийн олдоц сайтай вакцин тул хамгийн олон хүнд тариад байгаа юм. 


Сүүлийн мэдээллээр, Шри-Ланкад 4.63 сая хүн “Sinopharm”-ын вакцины эхний тунг, 1.29 сая хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ. Түүнчлэн тэдний дунд ноцтой гаж нөлөө илэрсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.


Мөн түүний хэлснээр, “Sinopharm”-ын вакцины тогтоож буй дархлааны тогтолцоог нарийвчлан судлан дэлхий дахинд нийтлүүлсэн анхны судалгаа энэ болж байгаа ажээ.


Үүний зэрэгцээ уг вакцины үр дүнг “Альфа”, “Бетта” хувилбар болон анхны вируснийхтэй харьцуулан судалсан байна.


“Энэхүү судалгааны төгсгөлд “Дельта” болон бусад хувилбаруудын хувьд “Sinopharm”-ын вакцин халдвар авсан хүмүүсийнхтэй ижил эсрэг биетийн хариу урвал үзүүлсэн. Энэ нь тун сайн үзүүлэлт” гэж профессор Н.Малави ярьжээ.


Мөн тэрбээр, “20-40 настай хүмүүсийн 98 хувьд эсрэг биет үүссэн бол 60-аас дээш насныхны хувьд энэ үзүүлэлт 93 хувьтай байсан. Өндөр настай хүмүүст вакцины үр нөлөө буурах нь гайхах зүйл биш юм” хэмээн нэмж хэлсэн байна.


Sinopharm”-ын вакцины талаарх энэхүү тоон мэдээллийг дэлхий дахинд өмнө нь танилцуулж байгаагүй. Бодит байдалд тулгуурлан гаргасан ийм мэдээлэл нь вакцинд итгэх итгэлийг дотоодод төдийгүй олон улсын тавцанд нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэдгийг профессор онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ