Шатахууны үнийн нэмэгдэл ба импортлогчийн зовлон

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-08-04 13:17:15

Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 74 орчим ам.долларт хүрсэн энэ үед Монголын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ч мөн үнийн өөрчлөлт хийгээд байна. Тэд шатахууны литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээх болсон учир үнэ нэмэхээс өөр аргагүйд хүрснээ тайлбарлан нэг сарын дотор хоёр удаа нийтдээ 600 төгрөгөөр жижиглэнгийн үнээ нэмсэн нь сүүлийн үеийн гол сэдэв болж байна. Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах хүртэл шатахууны үнийг тогтвортой байлгах хүсэлт тавьсныг импортлогч аж ахуйн нэгжүүд хангалттай хугацаанд биелүүлж байсан юм. Энэхүү үнийн өсөлттэй холбоотойгоор УУХҮЯ, Монгол банк, АМГТГ болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд санал солилцож литр тутамд 100 төгрөгөөр үнэ бууруулах боломжтой гэж үзжээ.


Газрын тосны хэрэгцээ нь зуун хувь гадаад зах зээлээс хамааралтай Монгол Улсын хувьд шатахууны үнийг тогтвортой хэмжээнд барихад байнгын хүчин чармайлт гаргаж байх шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд гадаад зах зээл дээр газрын тосны үнэ өссөн ч жижиглэнгийн үнийг нэмэлгүй тогтоон барьж байсан юм. Ингэхдээ Засгийн Газраас шатахуун импортлогч компаниудтай хэлэлцээр хийх зарчмаар явж өдий хүрсэн. Нэг ёсондоо нэгэнт өсөх нь тодорхой үнийг хувийн хэвшлийнхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, харин төр иргэдийнхээ амьжиргааг бууруулахгүй байх бодлогын хүрээнд хязгаарлан тогтоож байв.


Хэрэв хувийн хэвшлийн импортын бүтээгдэхүүний үнийг энэ мэтээр төрийн зохицуулалтаар удаан хугацаанд шийдэж явбал бүтээгдэхүүний хомсдол үүсэх, эдийн засгийн хувьд илүү их хор уршиг дагуулах магадлалтай тул тодорхой хэмжээний үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Шатахуун импортлогч компаниудын хувьд ч аль болох хамгийн боломжит доод үнийг баримталдаг гэдгээ илэрхийлдэг.


Ер нь манайд шатахууны үнэ гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ, долларын ханшийн өөрчлөлтөөс шууд хамааралтай хэлбэлзэж байдаг. Энэ хэлбэлзэл нь дотоодын эдийн засагт шууд нөлөөлж байдаг учир энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа болон үнэ шударга тогтоож байгаа эсэх дээр төр хяналт тавих эрх үүргийнхээ хүрээнд оролцдог. Гэхдээ үнэ тогтоодоггүй. Гэвч цар тахлын зайлшгүй нөхцөл шаардлагаар иргэдийн нуруун дээр ачаалал, дарамт ирүүлэхгүйн тулд төр, хувийн хэвшлийнхэн  зөвшилцөл, хэлэлцээр хийж энэ асуудлыг удаан хугацааны турш зохицуулсан. Үнийн хэлбэлзэл нь суурь үнэ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг АИ-92 шатахууны үнийг ингэж нэг жил гаруй хугацаанд нэг хэмжээнд тогтоон барьж байсан билээ. Өөрөөр хэлбэл үнэ нэмэгдэх хүртэл 2020 оны тавдугаар сард тогтоосон үнээр байсан бөгөөд цаашид дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөөс үүдэх алдагдлыг импортлогч компаниуд дааж явах боломжгүй болсноор ийнхүү иргэд хэрэглэгчийг цочирдуулсан үнэ тогтоох нөхцөл бүрджээ. Хэрэв энэ алдагдал цааш үргэлжилсэн бол импортлогч компаниудын санхүүгийн асуудал тогтворгүйжиж, шатахуун татан авалтын хэмжээ буурах, нөөц доголдох, хомсдол үүсэх эрсдэл бий болох нь тодорхой. Энэ асуудлаар импортлогч компаниуд удаа дараа холбогдох яам, газруудад хүсэлт тавьсны үндсэн дээр шинэ үнэ тогтоосон нь энэ юм байна.


Монгол Улсын хэмжээнд энэ салбарт импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани байдаг ч 50 орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж 1 тэрбум ам.долларын импортыг хийж байна. Эдгээр идэвхитэй 50 компанийн 30 орчим нь жижиглэнгийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байна. Шатахууны зах зээлийн 60 хувь нь бөөний, 40 хувь нь жижиглэнгийн борлуулалт эзэлдэг бөгөөд нийт бүтээгдэхүүний 50 хувь нь дизелийн түлш, үлдсэн 50 хувь нь АИ-92, АИ-95  АИ-80 болон онгоцны, бас бусад шатах тослох бүтээгдэхүүн байдаг аж.


2020 оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 19 ам.доллар болтлоо буурсан үед манайд АИ-92 шатахуун 1350 төгрөг хүртэл доошилсон. Үүний дараагаас эхлэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом нэмэгдэж эхэлсэн ч манайх 1450 төгрөгийн үнийг 2020 оныг дуустал барьсан. Нэг ёсондоо хүчээр шахуу хямд үнийн хязгаар дээр нэг жил гаруй хугацаанд тогтоож байсан. Манай улсад ийнхүү үнэ нэг түвшинд барих бодлого үргэлжилж байх үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 3,6 дахин буюу 240 орчим хувиар нэмэгдсэн. Энэ нэмэгдлийн ачаалал, алдагдлыг цаашид импортлогчдын нуруун дээр тохож явах боломж байхгүй болсон учир үнийг зах зээлийн горимд нь шилжүүлэх болов. Хэрэв өнгөрсөн хугацааны дэлхийн зах зээл дээрх үнийн нэмэгдлийг цаг тухайд нь бүтээгдэхүүндээ шингээн борлуулж байсан бол иргэдийн халааснаас тэр хэмжээний зардал мөнгө гарсан байх байсан гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.


Бензин шатахууны үнэ нэмэгдмэгц өргөн хэрэглээний барааны үнэ түүнээс давж өсдөг учир үүнийг хязгаарлан хянах хөндлөнгийн хяналтын байгууллага хүчирхэг байх зайлшгүй шаардлага манайд бий. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн Газраас суурь үнийг тогтвортой барихад ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм. Энэ утгаараа үнийн хөөрөгдөл ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөхөөс сэргийлж, иргэдээ хамгийн багадаа 60 хувь хүртэл дархлаажуулах хүртэл шатахууны үнийг нэмэхгүй байх тухай хэлэлцээг хувийн хэвшлийнхэнтэй хийсэн. Мөн үүнээс гадна Засгийн Газраас 2018 оны нэгдүгээр сарын 24-нд онцгой албан татварыг тэглэснээр өнөөдрийг хүртэл АИ- 80, АИ-92 өргөн хэрэглээний шатахуунд онцгой албан татвар ногдуулахгүй яваа юм. Бэлэн мөнгө тараавал хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг хандлага нэгэнт тогтсон манай улсын хувьд дээрх арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгсөн гэж дүгнэж болох.  


Хуурамч шатахуун буюу чанар стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал мөн бий. Үүнийг холбогдох албаны хүмүүс шатахууны ялгаатай стандарттай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл манайд нийлүүлэгддэг Евро-2, Евро-5 гэсэн хоёр өөр төрлийн стандартын шатахуун нь хуурамч шатахуун гэсэн ойлголт бий болгож байгаа гэж үздэг байна. Цаашид илүү сайн чанарын гэгдэх Евро-5 стандартын АИ-92 шатахууныг түлхүү нэвтрүүлэх бодлого баримталж байгаа юм байна. Чанаргүй шатахууны асуудлыг төр мөн оролцоогоороо онцгой анхаарч ажиллахаа ч мэдэгддэг.


Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 8 жилийн дотор 2 дахин өссөн, үүнийг дагаж импортын хэмжээ ч мэдээж нэмэгдсэн. Хэрэгцээ шаардлага, зах зээл нь өсөж тэлэх нь тодорхой, зуун хувийн гадаад зах зээлээс хамааралтай энэ салбарт одоо 100 гаруй импортлогч компани, 30 орчим жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


Өнөөдрийн байдлаар манай улс нийт шатахуун импортынхоо 93 хувийг ОХУ, 4,6 хувийг БНСУ, 1,9 хувийг БНХАУ-аас, бусад улс орнуудаас үлдсэн хувийг нь авдаг. Жилдээ 1,2 тэрбум орчим ам.доллараар шатахууны хэрэглээгээ хангадаг. Ийм атлаа жил бүр нэг сая орчим тонн газрын тос түүхийгээр нь БНХАУ-руу экспортолдог учир өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал эн тэргүүний шаардлага болсоор ирсэн. Өөрөөр хэлбэл түүхий эдийн нөөц баялагтай ч импортын бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн нь эдийн засгийн алдагдал хүлээх нэг гол шалтгаан болдог юм.


Олон жилийн турш яригдсан газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлын эхлэл 2017 оноос тавигдсан юм. БНЭУ-ын Экспорт-Импортын банкны нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж буй энэ ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа. Жилдээ 1,3 сая тонн шатахуун бүтээгдэхүүн гарган авах чадамжтай, дотоодын хэрэгцээний 55 хувийг хангах боломжтой энэ үйлдвэрийг 2025 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.  Энэ үйлдвэр баригдтал бид дэлхийн зах зээл дээрх самбарын ханш үнийг харж, түүнд захирагдаж суухаас өөр арга одоогоор үгүй юм. 



Холбоотой мэдээ