Улаан бүсэд ажиллаж буй эмч ажилтнуудын тоо хүрэлцэхгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-26 20:35:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр долоон иргэн коронавирусний халдвар авсан нь батлагджээ.

-Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 42 иргэний PCR шинжилгээг хийсэн байна. Харин эмчлүүлж байсан 37 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 1556 хүн аймгийн хэмжээнд эдгэрлээ.

Шинээр бүртгэгдсэн долоон тохиолдлууд Улиастай, Их-Уул, Тэлмэн сумуудад бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 139 нь биеийн байдал хөнгөн, хүнд гурван хүн байна гэж аймгийн Шуурхай штабын Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв.  

 

Коронавирусний халдвараар эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ

Өчигдөр буюу 7-р сарын 25-ний өдөр тус аймагт коронавирусний халдвараар эмчлүүлж байсан нэг иргэн нас баржээ.

-7-р сарын 25-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 133 иргэний PCR шинжилгээг хийснээс 44 иргэн халдвар авсан нь батлагдсан. Шинээр бүртгэгдсэн 44 тохиолдлын 29 нь Улиастай суманд, Нөмрөг, Идэр, Сантмаргаз, Түдэвтэй сумуудад нэмж халдвар бүртгэгдсэн байна. Энэ өдрийн мэдээллийг 7-р сарын 01-ний өдрийн мэдээтэй харьцуулахад өвчлөл буурахгүй, эмч, эмнэлгийн ажилтнууд маш их ачаалалтай ажиллаж байна. Тухайлбал зарим эмнэлэгт 70 өвчтөнд хоёр эмч, хоёр сувилагч, хоёр үйлчлэгч, халдварын ажилтан, тогооч ажиллаж байна. Улаан бүсэд ажиллаж байгаа онцгой бүсийн ажилтнууд өөрсдөө халдвар авч өвчлөх тохиолдлууд гарч байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг хүсэж байна.

Аймгийн хэмжээнд байнгын болон хяналтын түр цэг гээд нийт 40 цэгт 68 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй. Хүн хоорондын зайгаа баримтлах, Тусгаарлалтын дэглэмийг чанд мөрдөхийг хүсэж байна гэж аймгийн Шуурхай штабаас нэмж мэдээллээ. 

Холбоотой мэдээ