Израил нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 85 хувиар бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-07-26 17:54:49

ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израил нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа XXI зууны дунд үе гэхэд 2015 оны үеийнхээсээ 85 хувиар бууруулна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.


Ерөнхий сайд Нафтали Беннеттийн мэдээлснээр, Израилыг нүүрстөрөгчлийн давхар ислийн ялгарал бага эдийн засагтай орон болоход энэхүү шийдвэр хувь нэмрээ оруулна. Үүний хүрээнд зам тээвэр, эрчим хүч тэргүүтэй салбараас ялгарч буй хийг үлэмж хэмжээгээр бууруулахыг зорьж байна.


Гэвч шүүмжлэгчид сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд илүү хүч сорьсон зорилтуудыг тавьж, ийм өөрчлөлтийн төлөөх эдийн засгийн хөшүүргийг улам нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.


Аж үйлдвэржилтийн эрин эхэлснээс хойш манай дэлхий цельсийн 1.2 хэмээр хэдийнээ дулаараад байгаа бөгөөд дэлхий дахины Засгийн газрууд хийн ялгарлыг дорвитой бууруулахгүй бол агаарын температур цаашид улам нэмэгдсээр байх юм.


Харин Н.Беннеттийн хувьд гаргасан шийдвэрээ цэвэр, үр өгөөжтэй, өрсөлдөөнтэй эдийн засаг руу хөтөлнө хэмээн тодорхойлоод, Израилыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд тэргүүн шугамд авчирна гэв.


Израилын зорилтууд нь 2015 онд 200 орчим улс орны байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын гэрээ болох Парисын уур амьсгалын хэлэлцээртэй нийцэж байгаа юм.


Энэхүү баримт бичигт дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 2-оос дээш хэмээр нэмэгдүүлэхгүй байх, 1.5 хэмээс багаар тогтоон барих зорилгыг тусгасан билээ.


Парисын уур амьсгалын хэлэлцээрт гарын үсэг зурсан Израил улс өмнө нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа 2030 он гэхэд 27 хувиар бууруулах зорилт тавиад байжээ.


Ташрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп улс орноо Парисын хэлэлцээрээс гаргасан боловч одоогийн төрийн тэргүүн Жо Байден эргэн нэгтгэсэн юм. 

Холбоотой мэдээ