Мьянмарын 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-27 12:17:28

НЕЙПИДО. /NHK/. Мьянмарын Сонгуулийн хороо өнгөрсөн 11 дүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийн дүнг хүчингүй болгож буйгаа даваа гарагт мэдэгджээ. Энэхүү сонгуульд Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулсан юм.


Сонгуулийн хорооноос төрийн телевизээр дамжуулан хийсэн мэдэгдэлд дурдсанаар, сонгогчдын жагсаалт, саналын хуудсанд хийсэн шалгалтаар зөрчил луйвар илэрчээ. Түүнчлэн санал хураалт Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд Ардчиллын төлөөх үндэсний лиг нам эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусад нам хязгаарлалтуудтай тулгарсан гэж үзжээ. 


Мөн төрийн эрхийг авах гэсэн хуйвалдааны улмаас уг сонгууль нь чөлөөтэй хийгээд шударга явагдаж чадаагүй гэж Сонгуулийн хороо мэдэгдсэн байна. Энэ оны хоёрдугаар сард Мьянмарын цэргийнхэн сонгууль будлиантай болсон хэмээн мэдэгдэж, цэргийн эргэлт хийснийхээ дараа Сонгуулийн хороог томилсон юм.


Харин бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүлсэн Засгийн газар уг мэдэгдлийг үгүйсгэсээр байжээ. Одоо Сонгуулийн хороо урьд нь сануулж байсныхаа дагуу тус намыг тараах алхмуудыг хийж магадгүй байна. 

Холбоотой мэдээ