Усан бассейны барилгын ажил дөрвөн жил гурван сар сул зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:35:23

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, зарим Тэргүүлэгчид, Төсөв, эдийн засгийн бодлогын хорооны гишүүд, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, Сэлэнгэ барилга захиалагч ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн нар 2015 онд Сүхбаатар суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь явж гүйцэтгэлийн явц байдалтай нь танилцав. 

Тэд аймгийн төвд баригдаж буй усан бассейны барилгын ажил, төвлөрсөн Худалдааны төвийн барилга, Гурван замын уулзварын тохижилтын ажил, Дулаан дамжуулах төв, Гэр бүлийн ордон, Үерийн далангийн засварын гүйцэтгэл зэрэгтэй танилцлаа.

Сүхбаатар суманд баригдаж байгаа 300 хүний суудалтай, том хүний болон хүүхдийн усан бассейны барилгын ажлын гүйцэтгэл 84 орчим хувьтай байгаа бөгөөд одоо дотор засал, дулааны шугам, зам талбайн ажлууд хийгдэх дутуу, үлдэгдэл санхүүжилт нь орчихвол ирэх сарын дундуур хүлээлгэн өгөхөд бэлэн болно гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Жаанар” ХХК-ийн захирал Н.Жамбал мэдээллээ. Усан бассейны барилгын зураг төсөл нь анхнаасаа магадлангаар ороогүй баригдаж эхэлжээ. 2013 онд зураг төслийн магадлангаар орж барилгын ажил дөрвөн жил 9 сарын хугацаанд үргэлжилсэн гэх боловч барилгын ажил хийгдсэн хугацаа нь 6 сар, бусад хугацаа нь сул зогсолтонд байсаар хугацаа алджээ. Уг барилгын санхүүжилт саатсан шалтгаан нь эхлээд аймагтай гэрээ хийгдэж, дараа нь Спорт аялал жуулчлалын яамтай, улмаар Эрүүл мэнд спортын яамтай гэрээлэгдэж үндсэн санхүүжилтийн 55 хувийг гүйцэтгэгч компани авчээ. Үлдсэн 45 хувь болох 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны улсын төсөвт суугдах талаар Сангийн яамнаас хариу өгсөн тул орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхийг хүсч байгаагаа тус компанийн удирдлага илэрхийлж байлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид өөрсдийн нөөц боломжоор ажиллаж бассейны барилгын ажлыг явуулж байгаа “Жаанар” ХХК-д талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд