Дэлхийн хамгийн том индранил чулууг хашаанаасаа олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-03 18:07:14

КОЛОМБО. /BBC/. Дэлхийн хамгийн том индранил чулууг нэгэн айлын хашаанаас санамсаргүйгээр олсон талаар Шри-Ланка улсын эрх баригчид мэдээлжээ. 


Ойролцоогоор 510 килограмм буюу 2.5 сая карат жинтэй бөөгнөрсөн индранил чулууг "Serendipity Sapphire" хэмээн нэрлэсэн байна. Мэргэжилтнүүд цайвар цэнхэр өнгөтөй энэхүү чулууг олон улсын зах зээлд 100 сая хүртэлх ам.долларын үнэд хүрнэ гэж үзэж байгаа ажээ.


Эрдэнийн чулууны худалдаа эрхлэгчийн мэдээлснээр, чулууг Ратнапура бүсэд амьдардаг нэгэн айлын хашаанд худаг ухаж байсан ажилчид олжээ. Чулууны эзэн Гамаж "BBC" телевизэд өгсөн ярилцлагадаа, худаг ухаж байсан нэгэн ажилчин бидэнд ховор чулууны талаар хэлсэн бөгөөд хожим нь аварга том индранил чулууг илрүүлсэн хэмээн ярьжээ. 


Тийнхүү Гамаж олдворынхоо талаар эрх баригчдад мэдээлжээ. Чулууг нарийвчлан судлахын тулд шавар болон бусад шорооноос нь ялган цэвэрлэжээ. Энэхүү ажилд нэг жил гаруйн хугацаа зарцуулагдсан байна. Цэвэрлэх явцад бөөгнөрсөн индранилаас унасан зарим чулууг өндөр чанарын индранил болохыг тогтоосон гэдгийг Гамаж нэмж хэлжээ. 


Тэрбээр өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бүтэн нэр болон тодорхой байршлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Үнэт чулууны нэртэй мэргэжилтэн Гамини Зойса, "Би ийм том чулууг урьд өмнө нь харж байгаагүй. Энэ чулуу ойролцоогоор 400 сая жилийн өмнө үүссэн байж магадгүй" хэмээн "BBC"-д мэдээлжээ.


"Serendipity Sapphire" олон улсын худалдан авагчид, шинжээчдийн анхаарлыг ихэд татна хэмээн салбарын мэргэжилтнүүд таамаглаж байна. 


Мөн Шри-Ланка улсын Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн газрын дарга Тилак Вирасингхэ, "Энэ чулуу нь дэлхийн хамгийн том индранил чулуу байж магадгүй юм. Хэмжээ, үнэ цэнийг нь харгалзан үзвэл, хувийн цуглуулагчид эсвэл музейн сонирхлыг ихээхэн татна гэж бодож байна” хэмээн хэлжээ. 


Ратнапура нь Сингал хэлээр эрдэнийн чулуу гэсэн утгатай бөгөөд Өмнөд Азийн Шри-Ланка улсын үнэт эдлэлийн нийслэл гэдгээрээ алдаршсан юм. Урьд нь тухайн бүс нутгаас үнэ цэнтэй эрдэнийн чулуунууд мөн олдож байжээ.


Шри-Ланка нь индранил болон бусад эрдэнийн чулууны экспортоороо тэргүүлэгч орон бөгөөд өнгөрсөн онд тус улс эрдэнийн чулуу, очир алмааз, үнэт эдлэлийн экспортоор хагас тэрбум орчим ам.долларын орлого олсон байна. 

Холбоотой мэдээ