С.Цолмон: Монгол Улсын хүнсний ногооны үрийн хэрэгцээг Увс аймаг дангаараа хангах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмонтой цөөн
хором ярилцлаа.
-Аймгийн нийт
нутгаар зуншлага хэр байна вэ?
-Увс
аймгийн нийт нутгаар гандуу байсан бол бороо орж чийг өглөө. Газар тариалангийн
ажил хэвийн явагдаж байна. Өнгөрөгч 7-р сарын 19, 20-ны өдрүүдэд ХХААЯ-ны
удирдах зөвлөл, ХААИС-ийн эрдэмтэн, доктор, сургагч багш нар Увс аймагт
ирж ажиллалаа. Энэ хүрээнд Герман, Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой
хөдөө аж ахуй” төслийн санхүүжилтээр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуйн
зохистой дадал нэвтрүүлэх нь сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Танхимын
сургалтад 20 хүн, талбайн сургалтад 40 хүн хамрагдсан бөгөөд Баруунтуруун,
Тариалан, Улаангом, Түргэн, Сагил сумдын төлөөлөл оролцлоо.
Хөдөө аж ахуйн салбарын ажил бол цаг наргүй, байгалийн шалгуураар ажилладаг хүнд ажил. Иймд дээрх сургалтаар хөдөө аж ахуйд зохистой дадал нэвтрүүлэх асуудлыг түлхүү ярилцлаа. Ер нь бол газар тариалангийн салбарт эрс шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Хүрз барих, гар ажиллагааг халах хэрэгтэй, энэ нь биеийн хүч шаардах, цаг хугацаа зарцуулахаас эхлээд хүний тасралтгүй, уйгагүй хөдөлмөрийг шаарддаг. Мөн газар тариалангийн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааг хангах нь чухал. Иймээс уг сургалтаар тариаланчдад үр тариа, бордооноос эхлээд аюулгүй байх, ургамал хамгааллын бодисыг хэрхэн зөв хэрэглэх талаар нарийн, цаг хугацааны хэмжүүр, шинжлэх ухааны үндэстэй зааж зөвлөсөн.
Тэрчлэн,
услалтын системийн талаар доктор н.Барамчулуун мэдээлэл хийсэн. Тэрбээр худгаас
1 га, 50 га, 100 га талбайн услалтын системийг хэрхэн шийдэх талаар зураглал
гаргасан байсан. Харин орон нутгийн зүгээс техник, эдийн засгийн үнэлгээг нь
боловсруулж өгөх ёстой юм билээ. Үүний дараагаар хөрс судлах нарийн судалгааг
хийгээд холбогдох газруудад нь хандаж төсөл, хөтөлбөрт зуучлах боломжтой гэж
танилцуулсан.
Баруунтуруун, Зүүнговь, Тариалан, Улаангом суманд төсөл хэрэгжүүлэх нөхцөл
боломж бий гэж харж байгаа. Жил ирэх тусам гадаргын усны түвшин буурч байна.
Бороо орсон ч түр зуур ордог болсон. Иймд өөр эх үүсвэрээр усжуулалт, усны
асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ хүрээнд орон нутагтаа томоохон төслүүд
хэрэгжүүлэх нь тариаланчдад үр өгөөжөө өгөх юм. Одоогоор Түргэн, Тариалан
суманд услалтын систем нийлүүлэгдээд байна.
-Сургалтаар
өөр ямар асуудлыг хөндөж ярьсан бэ?
-Хүнсний
болон нарийн ногооны үрийн асуудлыг ярьсан. Монгол улсын хүнсний ногооны үрийн
хэрэгцээний 20 хувийг Увс аймаг дангаараа хангаж байна. Үлдсэн 80 хувийг
гаднаас нийлүүлдэг. Тэгвэл үрийн хэрэгцээг 100 хувь хангах боломж бий. Үр
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Дорнод, Сэлэнгэ аймагт тариалалтыг туршиж
үзсэн ч Увс аймагт ургадаг шиг ургаагүй. Улаангом сумын Улаантолгой, Чандмань
орчимд үр боловсруулах инергийн бүс нутаг бий гэж үздэг. Цаашид газрын асуудлаа
шийдвэл Монгол улсын үрийн хэрэгцээг манай аймаг дангаараа хангах боломжтой.
Ямартай ч 50 га газар олгох асуудлыг шийдэх талаар хүсэлт гаргасан байгаа. Мөн
дотооддоо зарим нэр төрлийн нарийн ногоог тариалах, хүнсний хэрэгцээгээ
хангадаг болохын тулд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Тухайлбал,
чинжүүний 80 орчим хувийг гаднаас нийлүүлж байгааг дотооддоо тариалдаг болох
хэрэгтэй. Одоогоор иргэдээс 183 хүлэмжийн захиалга ирсэн. Энэ хүрээнд салбарын
яаманд хүсэлт хүргүүлээд байна.
-Энэ
жил аймгийн хэмжээнд тариалалт хэр их нэмэгдсэн вэ?
-Тариалалтын
ажлаас илүүтэй үрийн хэрэглээнд зохиостой дадлыг нэвтрүүлэх нь чухал байна.
Тухайлбал буудайн үрийг гаднаас авдаг нь аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл үрийг дагаж өвчлөл ирэх эрсдэл өндөр тул өөрсдөө дотооддоо үрийн
хэрэгцээгээ хангадаг болох талаар анхаарал хандуулах юм. Мөн жимс, чацарганад
хэтэрхий бордоо хийвэл зохистой дадал нь алдагдаж, ургацад нөлөөлдөг учир
судалгаатай, мэргэжлийн хүний зөвлөмжөөр бордоог хийж хэвших, хор цацахдаа дур
мэдэж хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зэрэг тариаланчдад энэ
мэт зохистой дадал эзэмшүүлж байна. Энэ жилийн тухайд аймгийн хэмжээнл 46
мянган га-д үр тариа, улаан буудай тариалсан. Газар тариалангийн бүс нутгуудад
гантай байсан ч ахиу ургац авна гэсэн тооцоотой ажиллаж байна.
-Ярилцсанд
баярлалаа.