Аймгийн төсөвт тодотгол хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 8
дахь удаагийн сонгуулийн 5 дугаар хуралдаан өнөөдөр хуралдаж байна. Хуралд
аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 28 нь танхимаар, 7 нь цахимаар оролцож байгаа
бол үлдсэн 5 төлөөлөгчийн 1 нь албан ёсоор чөлөө авчээ.
Энэ удаагийн хуралдаанаар
Орон нутгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн тодотгол, Увс аймгийн
газар тариалангийн бүс тогтоох, Аймгийн 93 багт нэр өгөх тухай илтгэлийг
хэлэлцэж байна. Мөн Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, дахин
боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, Тээврийн хэрэгслийг зөөж
шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах журмын талаар хэлэлцэж байгаа юм.
Орон нутгийн
төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр энэ жил улсын болон орон нутгийн төсвийн
хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудаас 28 ажлын гүйцэтгэл зогсонго
байдалтай байгаа талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэд хэлсэн юм. Тодруулбал,
төсөв нэмж он дамжуулах 2, он дамжсан 1, эзэн холбогдогч нь тодорхойгүй,
олдохгүй байгаа 5, он дамжуулаад хийсэн, энэ ондоо ашиглалтад орох 8, ажил нь
эхэлсэн ч дундаасаа зогсож, хаахаас өөр аргагүй болсон 4, энэ ондоо амжаад
хийнэ гэсэн 7, огт хэрэгжих боломжгүй 1, орон нутгийн хяналтад байгаа 1 ажил
байгаа аж. Эдгээр ажлыг гүйцэтгэгч компаниудын хувьд санхүүжилтээ авсан боловч
ажлаа бүрэн хийж дуусаагүй тус хуулийн байгууллагад өгч шалгуулна гэдгээ
аймгийн Засаг дарга энэ үеэр онцолсон юм.
Энэ асуудлаар
аймгийн ИТХ-ын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, хуулийн байгууллагаар
шалгуулах нь зүйтэй гэдгийг олонх нь дэмжиж байлаа.
Мөн хуралдаанаар
аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс коронавирусний халдварын үед улаан бүсэд
ажиллаж байгаа төрийн тусгай чиг үүргийн албан хаагч 200 хүнд орон нутгийн
давсан орлогоос тус бүр 1 сая төгрөгийн тэтгэмж олгох тухай горимын санал
оруулсан юм. Гэвч аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь энэхүү 200 сая
төгрөгийн тэтгэмж олгох асуудлыг дэмжээгүй юм.
Аймгийн ИТХ
үргэлжлэн хуралдаж байгаа бөгөөд өнөөдөртөө өндөрлөнө.