Осол аваар гаргасан автомашиныг журмын хашаа руу ачина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-06 20:54:23

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 5 дугаар хуралдаанаар Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах журмыг батлах тухай асуудлыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас оруулж хэлэлцүүллээ.

  Увс аймгийн хэмжээнд 21.8 мянган тээврийн хэрэгсэл бий гэсэн статистик судалгаа байгаа бөгөөд автомашины тоо жил ирэх тусам 3 мянгаар өсч байгаа аж. Иймээс аймгийн нутаг дэвсгэрт зорчиж буй жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцуулах, ирээдүйд гарах эрсдлийг бууруулахын тулд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байр ажиллуулах журмыг батлаж, мөрдөж ажиллах нь зүйтэй гэдгийг асуудал оруулагчид онцолж байв.

   Уг асуудлыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид авч хэлэлцээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон осол аваар гаргасан тохиолдолд тухайн автомашиныг ачих нь зүйтэй гэж үзлээ. Харин аймгийн төв дотор 1-р эгнээнд болон зогсохыг хориглосон газарт автомашинаа түр тавьсан байвал ачихгүй гэж шийдвэрлэсэн юм.

   Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хэлэлцэх асуудлаа дуусган, орон нутгийн 20 цагт өндөрлөлөө.

 

Холбоотой мэдээ