Малчин суманд халдварын өвчлөл буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-11 18:24:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн нийт сумдад коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбоотой сум тус бүр халдварыг хумих, урьдчилан сэргийлэх тандалтын ажлыг зохион байгуулж байна. Халдварын тархалтаараа Улаангом сумын дараа эрэмбэлэгдэж байсан Малчин суманд сүүлийн долоо хоногт халдварын 4 тохиолдол нэмж бүртгэгджээ. Энэ нь өмнөх үетэй харьцуулбал хэд дахин буурсан үзүүлэлт юм. Энэ талаар Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Цэрэнхүүгээс тодруулахад:

 “Малчин суманд халдварын 4 том голомт үүссэн. Сумын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг эрчимтэй зохион байгуулах, мөн иргэдийн хөл хөдөлгөөнийг хорих зэргээр хяналтын ажлыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өглөө. Өнгөрсөн хугацаанд манай сумын 198 иргэн коронавирусаар өвчилсөн. Эдгээр иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг болон сумын Эрүүл мэндийн төв, Сургуулийн дотуур байранд ор дэлгэж эмчилгээ, үйлчилгээг хүргэж ажиллалаа. Өнөөдөр сумын эмнэлэгт 3 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 иргэн гэрээр эмчлэгдэж байна. Цаашид 9-р сарын 15 гэхэд халдварын голомтыг бүрэн хумих боломж бий” хэмээн тэрбээр хэллээ.

   Ташрамд дурдахад Малчин сумын хүн амын 81 хувь нь вакцины 1-р тунд, 68 хувь нь 2-р тунд хамрагдсан. Вакцинжуулалтын ажлыг ирэх сарын нэгэн гэхэд бүрэн дуусгах чиглэлтэй байгаа аж.

 

 

 

Холбоотой мэдээ