ДЭМБ: “COVID-19”-ийн тохиолдлын тоо ирэх оны эхээр 300 сая давж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-08-12 12:23:21

ЖЕНЕВ. /CNN/. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын шинээр илэрч буй тохиолдлууд одоогийн эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал нийт тохиолдлын тоо 2022 оны эхээр 300 сая давж болзошгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.


Швейцарын Женев хотноо лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, хэдийгээр “COVID-19”-ийн үр дүнтэй вакцинууд гарсан боловч халдвар авсан, нас барсан тохиолдлын тоо үргэлжлэн нэмэгдсээр байна.


“Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ “COVID-19”-ийн 200 сая дахь тохиолдлыг бүртгэсэн. Дэлхийн хэмжээнд 100 сая тохиолдол илэрснээс ердөө зургаахан сарын дараа ийм үзүүлэлтэд хүрлээ. Халдварын бодит тоон үзүүлэлт түүнээс өндөр байгааг бид мэдэж байгаа” гэж тэрбээр хэлжээ.


“Цаашид халдварын тохиолдлын тоо 300 саяд хүрэх эсэх хийгээд хэдий хурдан хугацаанд хүрэх нь бид бүгдээс шалтгаална. Хэрэв одоогийн эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал ирэх оны эхээр 300 сая давах төлөвтэй байна. Бид хамтдаа үүнийг өөрчлөх боломжтой боловч тэгэж чадахгүй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн үргэлжлүүлэн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ