Виртуал хөрөнгийн хууль нь ФАТФ-ын шаардлагыг хангах, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих зорилготой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-12 15:34:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Монголбанканд хуралдаж байна. Хэлэлцүүлгийн талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа. 

-Ийм хуультай болох үндсэн шаардлага юунд байв?

-Банк, санхүүгийн зах зээлд шинэ техник технологи бүх үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай нэвтэрч, виртуал хөрөнгийн  салбар шинээр хөгжиж, үүнийг дагаад олон улсын стандарт шаардлага бий болж, зохицуулалтын орчин, эрхзүйг шаардаж байна. Энэ дагуу манай улсад ХЗДХЯ, Монголбанк, СЗХ зэрэг төрийн холбогдох байгууллага Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оноос хамтран боловсруулж, энэ оны 5 дугаар сард ХЗДХ-ийн сайд УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороонд шилжин ажиллаж, өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд анхны хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 




-Хуулийн төслийн гол үндсэн зорилго юунд оршиж байна вэ?

-Монгол Улсад виртуал үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээдийн холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа. Мөн хуулийн үндсэн гол зорилго нь ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндсэн шаардлагыг хангах явдал юм. Тодруулбал, санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага ФАТФ-аас гаргасан олон улсын стандартын зөвлөмжид заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

Түүнчилэн санхүүгийн хувийн хэвшлийн салбар, ялангуяа гарааны, старт-апп компаниудад аливаа дарамт шахалт үзүүлэхгүй, учруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан. Гол нь манай улсад виртуал хөрөнгийн салбарын хөгжлийг дэмжиж, цаашид хууль эрхзүйн орчноо олон улсын стандартад нийцүүлсэн ийм хуулийг батлуулах юм. 

-Хуультай болсноор санхүүгийн салбар яаж хөгжих вэ?

-Ер нь олон улсад, манайд ч тэр виртуал хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилд хурдацтай хөгжиж байна. Гол нь манай улсад энэ талын хууль эрхзүйн орчин байхгүйгээс хаана, ямар байгууллага ямар үйлчилгээ үзүүлж байгаа, аль нь албан болон албан бус үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой бус явж ирсэн. Мөн банк, санхүүгийн салбарын хувийн хэвшлийнхэн энэ талаар яаж ажиллах, дотоод, гадаадын зах зээлд яаж гарах, тийм хөгжлийн чиглэл байхгүй, эрсдэлтэй, тодорхой бус явж ирсэн. Тиймээс зайлшгүй энэ талын хуулийн шаардлага, зохицуулалтын орчинг шаардаж байгаа юм.




Хуулийн төслийг баталснаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрхзүйн орчин бүрдэж, ФАТФ-ын тенхник хэрэгжилтийг хангах, виртуал хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй. Виртуал хөрөнгийн зохицуулалттай болсноор Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх нөхцөл бүрдэхээс гадна олон улсын санхүүгийн харилцаанд оролцож гадаад худалдаа хийхэд шинэ төлбөрийн сонголттой болох, олон улсын төлбөр тооцооны зардал болон шилжүүлгийн хугацаа буурах, хөрөнгө оруулагч нарыг татах олон боломж нээгдэх юм.



Тодруулга: Виртуал хөрөнгө гэдгийг олон улсын нэршлээр, дижитал хэлбэрээр арилжих, хувиргах, шилжүүлэх боломжтой төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэн хэмээн тодорхойлжээ. Виртуал хөрөнгө нь хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээг өндөр нууцлалтай, түргэн шуурхай, хялбар, зардал багатайгаар хүргэх, уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжгүй этгээд ашиглах боломжтой, давуу талыг үүсгэдэг байна.




Холбоотой мэдээ