Хүнд ачаатай давсан өдрүүд

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-08-18 17:26:17


Хамгийн тодорхой бус нөхцөл байдалтай, хамгийн хүнд цаг үеийн гэсэн тодотголтой 200 хоногийг энэ Засгийн газар ардаа орхиод байна. Төр, засгийн тэргүүний албыг авснаас хойших 100, 200 дахь хоногт хэрхэн ажилласнаа тайлагнадаг, түүгээр нь цаашдын ирээдүйг нь дүгнэдэг жишгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан Засгийн газар 200 хоногийн ажлаа тоймлов.


Үе шаттайгаар хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлууд нь богино хугацаанд  үр дүнгээ өгснийг тоон судалгаа харуулж байгаа аж. Дэлхийн улс орнууд цөм цар тахлын сорилтыг хохирол багатайгаар даван туулах хамгийн зөв замыг эрж хайж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй алхмуудыг гадаад дотоодын шинжээчид баримжаатай, судалгаа сайтай хэмээн эерэгээр дүгнэж эхэлсэн нь бий.


Нөхцөл байдал амаргүй хүнд үед үүрэг хүлээж авсан энэ Засгийн газрын хувьд улс орны эдийн засаг болон иргэдийн эрүүл мэндийг сөхрүүлэхгүйгээр цар тахлын ард авч гарах маш том хариуцлагыг үүрч яваа юм. Ямартаа ч эдийн засаг сүүлийн олон жилд үзэгдээгүй хэмжээгээр агшсан байсныг байж болох бүх нөөц бололцоогоо шавхан ажилласны хүчинд хагас жилийн дотор 6.3 хувийн өсөлтөд хүргэсэн нь хүлээлтээс хавьгүй өндөр амжилт байв. 


Ердөө 200 хоногийн өмнө Монгол Улсын эдийн засаг агшиж төсөв тасалдсан, төгрөгийн эргэлт огцом саарсан, банкууд зээл гаргахаа больж ажлын байр олноор байхгүй болсон, нийгмийн бухимдал асар их болсон байлаа. Энэ байдлыг засаж залруулах ухаалаг тооцоо, нарийн зөв судалгаа, шийдвэртэй алхам хийх зүй ёсны шаардлага тулгарсан үе одоо ч үргэлжилж байна. Хэдийгээр олон салбар уналтад орох өндөр эрсдэл нүүрлээд байсан ч цар тахлын үеийг богино хугацаанд давах төлөвлөгөөний сайн үр дүн эхнээсээ үзэгдэж буй судалгаа гарчээ.




Эдийн засаг 5.3 хувийн огцом агшилтаас 6.3 хувийн өсөлт рүү, 130 мянган ажлын байр үгүй болох нөхцөл бүрдчихсэн байсан үеэс 225 мянган ажлын байрыг хамгаалж чадсан үе рүү шилжиж чадсан нь бодитой зүйл гэдгийг 200 хоногийн тайландаа тусгасан байна. Одоогийн ийм эерэг үзүүлэлийг бий болгоход хэд хэдэн удаагийн хөл хорио, вакцинжуулалт, эдийн засаг болон эрүүл мэндийг хамгаалах цогц төлөвлөгөө зэрэг улс төржилтөөс ангид, зоримог шийдвэрүүд ихээхэн хэрэг болсон. Хэрэв вакцины татан авалтыг алгуурлаж, нэгэнт мөнгөний нийлүүлэлт хомсдож, хуурайшсан зах зээл дээрх аргагүйдсэн аж ахуйн нэгжүүдээ зээл олгох хэлбэрээр дэмжээгүй бол эдийн засаг өсөх нь бүү хэл -2.4 хувь болтлоо агшиж, эргэн сэргэхэд бэрх болох байжээ.


Эдийн засаг хасах төлөвт шилжсэн, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барихад тулж, иргэдийн бухимдал нэмэгдсэн үед “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа дэмжих арван их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлсний сайн үр дүн олон салбарт харагдаж эхэлсэн. Дунд болон урт хугацаандаа энэ ажлын эерэг нөлөө их байхыг эдийн засагчид хэлж байна. Энэ хүрээнд нийтдээ 3.4 их наяд төгрөгийн зээл олгосны 1.8 тэрбумыг нь ажлын байрыг дэмжихэд зориулж, хөдөө аж ахуйг дэмжих болон ипотекийн, репо санхүүжилтийн зээлд 1.6 их наяд төгрөг зарцуулсан байна.




Түүнчлэн олон жил яригдаж, зогсонги байсан Богдхан төмөр замын төслийг Монгол Улсын Засгийн газар эхлүүлж амжлаа. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, газар тариалангийн салбарт дэмжлэг олгох, зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг эхлүүлэх зэргээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн алс хэтийн хөгжилд хувь нэмэр болох ажлуудыг шуурхай, ажил хэрэгчээр зохион байгуулав. Үүний зэрэгцээ Монголын эдийн засагт асар их ач холбогдол өгөх Оюутолгой төслийн менежментийн алдааг хөндлөнгийн шинжээчдийн тусламжтайгаар олж тогтоогоод байна. Далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн шалтгааны талаарх “Рио Тинто” компанийн тайлбар болон шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй гарсан. Энэ дүгнэлтийг Лондонгийн арбитрт өгсөн сөрөг нэхэмжлэлд хавсаргах юм. Нэг ёсондоо Оюутолгойгоос Монгол Улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлэх болон маргаантай бусад олон асуудлыг шийдвэрлэхэд энэ засгийн оролцоо чухал үүрэгтэй байх нь.


Ковидын үеийн хүнд ачаатай урагшилж буй Засгийн газрын нэг сайн тал нь эрдэмтдийн тооцоо судалгаа, дэлхийн улс орнуудын сайн жишээг үндэслэн, нарийн төлөвлөгөө боловсруулж ажиллаж байгаа явдал. Ковидын тархалт, бууралтын тооцооллыг харгалзаж боловсруулсан ажлууд тийм ч хол зөрүүтэй алдаа гаргаагүйг мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна. Энэ утгаараа цар тахал дэгдсэнээс хойш хамгийн хүнд байдалд ороод буй боловсролын салбарыг уналтаас татах, сургууль цэцэрлэгийг 2021-2022 оны хичээлийн жилд эхлүүлэх, хэрхэн хичээллэх хувилбар боловсруулснаа ч танилцуулав.


Иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитой дэмжлэг болж чадсан сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг ирэх өвөл үргэлжлүүлэхээр шийдлээ. Үүнээс гадна хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмж болон цахилгаан дулааны үнэ тэглэсэн гэх мэт дэмжлэгийг байж болох урт хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Энэ мэт олон ачааг цааш удаан үүрч явах тусам төсөвт, эдийн засагт учрах хохирол их байх учир халамж дэмжлэгийн бодлогод болгоомжтой хандах зайлшгүй шаардлага бас бий.


Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой сайн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд хэрэгжилт нь зогссон гадаадын хөрөнгө оруулалттай бүх төсөл хөтөлбөрүүдийг эргэн харж, хяналт хийж эхэлсэн. Хэрэв Монголын талын алдааны улмаас үйл ажиллагаа нь зогссон төсөл хөтөлбөр бий бол аль ч үеийн засгийн газрын өмнөөс уучлал гуйж үргэлжлүүлэхэд анхаарахаа Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ нь хүнд сурталгүй, авлигагүй, хариуцлагатай, улс төрийн соёлыг эрхэмлэсэн Засгийн Газар бүрдэж буйн илрэл байх магад гэсэн найдварыг олон нийтэд төрүүлж байгаа юм. Манай улс одоогоор авлигын индексээрээ дэлхийн улс орнуудын 111 дүгээрт нь жагсаж байгаа аж.


Цар тахлыг богино хугацаанд даван туулсан эхний 10 улсын нэг болно гэж Засгийн Газрын тэргүүн ажил авсан 100 дахь хоног дээрээ амлаж байлаа. Хэдийгээр энэ нь амаргүй, ахадсан том амлалт хэдий ч өнгөрсөн хугацааны ажлуудын үр дүнг олон улсын байгууллагын зүгээс үнэлж, эдийн засгийн сэргэлт цаашид үргэлжлэх боломжтойг онцолсон байдаг. Вакцинжуулалтад ихээхэн анхаарсан, мөн эдийн засаг болон эрүүл мэндийг ижил түвшинд хамгаалахад бүх нөөц бололцоогоо дайчилсан Монгол Улсын Засгийн газрын хувьд цаашид эдийн засгаа түрүүнд тавьж, голлон анхаарахаа зарлаад байна. 




Холбоотой мэдээ