Р.Жаргалмаа: Хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Канадын
засгийн газрын дэмжлэгтэйгээр "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл
ажиллагааг бэхжүүлэх нь" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Увс аймагт
хэрэгжиж буй дэд хөтөлбөр болон хамтын ажиллагааны талаар төслийн зохицуулагч
Р.Жаргалмаатай ярилцлаа.
-Юуны өмнө Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тогтвортой
хөгжил болон хууль дээдлэх соёлыг бий болгохын төлөө дагнан ажилладаг Засгийн
газар хоорондын олон улсын байгууллага юм. Монгол Улсад хуулийг дээдлэх ёс,
хандлагыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн.
Үүний нэг нь “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх
нь” төсөл юм. Энэхүү төслийн гол бүлэг нь хөдөө орон нутгийн төрийн бус
байгууллагуудыг бэхжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн
хохирогчдод хууль эрх зүй, сэтгэлзүй бусад хэрэгцээт үйлчилгээг үзүүлэх, холбон
зуучлах зорилготой. Төслийн хүрээнд аймгуудад дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж
байгаа ба Увс аймагт "Сайн тус" ТББ-тай хамтран "Эрэгтэйчүүдийн
манлайлал-Эрэгтэйчүүдийн оролцоо" дэд төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
-Төслийн үр дүнд хийгдсэн ямар ажил байна вэ?
-Төслийн хүрээнд "Сайн тус" ТББ-аас гэр бүлийн
хүчирхийллийн гаралт, тоо баримт, статистик мэдээллийг цуглуулах, түүнийг
шинжлэх анализ хийсэн эмхэтгэл гаргасан байгаа. Тодруулбал "Гэр бүлийн
хүчирхийллийн байдал Увс, 2016-2020 ( 2021 оны эхний хагас жил) байдал"
стастик Эмхэтгэлийг гаргаж, орон нутгийн
шийдвэр гаргагчид, хамтран ажиллагч нарт гардууллаа. Цаашид мэдээллийг
баяжуулах, орон нутгийн статистик мэдээтэй холбож, шинэ дата үүсгэх гэх мэт
ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Орон нутгийн түвшинд төслийг маань
аймгийн Засаг дарга Ч.Чимид болон аймгийн ЗДТГ, ИТХ-ын удирдлагууд дэмжиж,
хамтарч ажиллаж байгаад баяртай байна.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх иргэдийн мэдлэг, хандлага ямар байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн болон бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мөрдөн мөшгих, заналхийлэх зэргийг шинэ хуулиар гэмт хэрэгт тооцох болсон нь хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах механизм сайжирч, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож өгсөн. Хэдийгээр хууль, эрх зүйн орчин сайжирч хохирогч-төвтэй, өргөн далайцтай шинэчлэлүүд хийгдсэн боловч уг хуулийг бодит амьдралд хэрэгжүүлэх, хохирогчдод шаардлагатай тусламжийг үзүүлэх хэрэгцээ байсаар байна. Түүнчлэн байнгын мониторинг хийх, оролцогчдын хоорондын уялдаа холбоог сайжруулах зохицуулалтыг хийх шаардлага байгаа юм.
-Увс аймагт хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-“Жендэрт суурилсан хүчирхийллийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хууль эрх зүй, сэтгэлзүйн тусламж үзүүлэхэд асар их хувь нэмэр оруулж байна. Цаашид орон нутгийн түвшинд иргэдэд ээлтэй, хүртээмжтэй энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд хамтарч ажиллах талаарх саналаа аймгийн удирдлагуудад илэрхийллээ. Энэ хүрээнд хийгдэх томоохон ажил бол гэр бүл болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаар Увс аймагт форум зохион байгуулагдахаар төлөвлөөд байна. Энэхүү ажил орон нутагт үр өгөөжөө өгсөн, бодитой ажил болно гэдэгт итгэлтэй байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдыг хамгаалах арга замын тухайд?
-Гэр бүлийн хүчирхийллийн одоогийн нөхцөл байдалд дүн
шинжилгээ хийж, үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлийг боловсруулсны
үндсэн дээр хохирогчдыг чадавхжуулах, тэдний хууль зүйн туслалцаа авах
боломжийг нэмэгдүүлэх, хүчирхийллийн эсрэг хууль тогтоомж болон бусад холбогдох
үйлчилгээг сайжруулах зорилгоор гурван талт арга замыг хэрэгжүүлэхээр төлөвлөж
байна. Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, эрх зүйн орчны
тодорхой бус байдлууд, хохирогчид хууль эрх зүйн байгууллагуудаас тусламж
авахад тулгарч буй саад бэрхшээлүүдийг олж тогтоох, мөн Иргэний нийгмийн
байгууллагууд, хууль зүйн туслалцаа үзүүлэгчид анхан шатны эрх зүйн зөвлөгөө,
мэдээлэл болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх юм. Тэрчлэн
гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тэдний эдлэх эрх, хамгаалалтын механизм
болон эрх зүйн арга хэрэгслийн талаарх мэдээллийг олон нийтэд түгээхдээ эрх
зүйн боловсрол дээшлүүлэх компанит ажлаар дамжуулан өгөх болно. Төслийн зүгээс
“Хэнийг ч бүү үлдээ” зарчмын дагуу, хууль зүйн туслалцаа авч чаддаггүй, олон
хэлбэрийн хүндрэл, гадуурхалтай тулгарч байдаг эмзэг бүлгийнхний төлөөлөл
хохирогчид руу чиглэн ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.