Гадаадаас 24.5 тэрбум төгрөг шижлүүлэн авсан хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-16 14:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн цагдаагийн албанаас Латви улсын иргэн П-ийн мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байна. 


Тодруулбал, тус иргэн өөрийн нэр дээрх компанийн дансаар 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан байна. Улмаар тэр даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг гадаадын 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЭЦА-наас өнөөдөр мэдээлсэн юм. Уг хэрэгтэй холбоотойгоор мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс орон руу хүсэлтээ илгээснээс гурваас нь хариу ирүүлсэн байна. Мөн дээрх иргэн 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна.



Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн чиглэлийн ахлах мөрдөгч н.Билгүүдэй, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Або плус” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас 2020 оны нэгдүгээр сарын 13-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн компанийг Латви улсын иргэн П гэх хүн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-нд үүсгэн байгуулсан бөгөөд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхэлнэ гэж бүртгүүлсэн байдаг. Үүсгэн байгуулснаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атал 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украйн зэрэг 13 улсаас 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Улмаар 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон. Уг үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тухайн компанийн арилжааны банкуудад эзэмшдэг данснаас гадаад улсууд руу шилжүүлэхээр захиалга өгөөд байсан 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хязгаарлалт тогтоосон" гэв.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ