Т.Батзаяа: Мэргэжилдээ дуртай ч ажлын байр олдохгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. 2016 онд Хөдөлмөрийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийг төгссөн Төмөр-Очирын Батзаяатай ярилцлаа. Түүний хувьд тогтсон ажилтай болох олон удаагийн оролдлого нь бүтэлгүйтэж, эцэстээ хувиараа ажиллахыг илүүд үзэх болжээ. Зөвхөн Т.Батзаяа бус олон залуучуудын өмнө ажлын байрны асуудал тулгамдсан хэвээр байна.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Төмөр-Очирын Батзаяа гэдэг. Эхнэр, 2 хүүхдийн
хамт Улаангом суманд амьдардаг. 2012 онд Хөдөлмөрийн дээр сургуулийн Нягтлан
бодох бүртгэлийн ангид элсэн суралцаад, 2016 онд төгссөн. Мэргэжлээрээ ажиллах
сонирхолтой, илүү хичээж байгаад мэргэшсэн нягтлан бодогч болно гэсэн
зорилготой ч өнөөдрийг хүртэл ажлын байр олдохгүй байна. Өнгөрсөн хугацаанд
газар тариалан эрхлэж, хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарлаа.
-Сургуулиа төгсөөд удаж байгаа юм байна. Ажлын байр хайж үзсэн үү?
-Сургуулиа төгсөөд таван жил болжээ. Энэ хугацаанд огт
мэргэжлийн ажил хийж үзээгүй. Маш олон газарт хандаж анкетаа өгөх, шалгалтад
ордог ч мэргэжлийн туршлага дутмаг бусад зүйлээс шалтгаалан ажилд орж
чаддаггүй. Харин саяхан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион
байгуулсан Интерншип хөтөлбөрт хамрагдаж, үр дүнтэй олон сургалтад хамрагдлаа.
Үүний дараа нарийн боовны цехэд нягтлангаар ажилд зуучлагдан орсон. Харин ажлын
цалин хөлс, цаг зав, нийгмийн асуудал талаасаа цаашид ажиллахад хүндрэлтэй
санагдсан. Ер нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад, амжилт гаргах хүсэл байдаг ч
ажил олдохгүй, олдсон ч цалин хангалтгүй байгаад цөхөрч байна. Тийм болохоор
хувиараа газар тариалангийнхаа үр шимийг хүртээд, зүтгэлээрээ амьдрах нь илүү
санагдах болсон. Ямартай ч цөхөрлөө гээд зорилгоо орхихгүйгээр дахин өөр газарт
анкетаа өгсөн байгаа.
-Өөрийгөө хэр хөгжүүлдэг бэ? Хувь хүний мэргэжлийн чадамж, амжилт бий юу?
-Миний хувьд Хөдөлмөрийн дээд сургуульд сурч байхдаа сайн
нягтлан болохын тулд хичээж сурсан. Заавал мэргэшсэн нягтлан бодогч болно гээд
хичээлдээ шамддаг байлаа. Бие дааж бэлдээд аймгийн санхүүгийн олимпиадад 2015
онд тусгай байр, 2016 онд 2-р байранд шалгарч байсан амжилт бий. Саяхан
мэргэжлээрээ хэсэгхэн хугацаанд ажиллахдаа сурсан зүйл ч байгаа. Гэхдээ
амьдралын хэрэгцээ шаардлага, хөгжил талаасаа хувийн хэвшлээс илүү төрд
ажилладаг хүмүүс зүгээр санагддаг. Хувийн хэвшилд бол илүү цагаар ажилласан
хэрнээ цалин нэмэгдэхгүй, амралтын өдөр ажиллах үе ч гарна. Үндсэн цалин 600
мянган төгрөг гэсэн мөртлөө хасагдаад
400 мянган төгрөг авах жишээтэй.
-Сая ажилласан газар нь таалагдаагүй гэсэн. Одоо тэгээд ямар ажлын байр хүсэж байна вэ?
-Залуу хүний хувьд ажлын байрандаа хөгжих, чадвараа
ахиулах боломжтой ажлын байр сонирхож байна. Хамгийн гол нь төрийн байгууллага
шиг оройны 5 цагаас ажил тарна. Бас амралтын өдрөө амардаг байвал зүгээр байх.
Учир нь амралтын өдрийг гэр бүлдээ зарцуулах, мөн гэр бүлийн ажил, аж ахуйгаа
зохицуулах боломжтой болно шүү дээ. Ер нь хувийн хэвшилд ажиллах боломж байгаа
ч насан туршдаа ажиллаж, амьдрах гэхээр нийгмийн асуудлыг нь хангах тал дээр
хэцүү санагдсан.
-Залуучуудын өмнө нийтлэг тулгамдсан зүйл өөрт чинь
тохиолдсон бололтой?
-Тийм ээ. Ер нь шинэ төгссөн мэргэжилтэй залуусыг дэмжих,
ажлын байр, хөгжих боломжоор нь хангахгүй байна. Ажлын байрны сул орон тоо
гарсан ч ямар шалгуураар ажиллах хүчнийг нөхдөг нь бүрхэг байдаг. Ганцхан би
биш өөр олон залуус ажилтай болох гэж олон сорилттой нүүр тулж байна. Харин
ажил олгогчдын зүгээс залуу хүний урмыг хугалахгүй байх, нийгмийн асуудлыг нь
шийдчихвэл ажиллах хүчин олдох байх гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.