Банкууд нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-18 12:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад арилжааны банкууд хувьцаат компани болох үйл ажиллагаа явагдаж байна. 

Тодруулбал, УИХ-аар энэ оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, системийн нөлөө бүхий арилжааны банкуудыг Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан. 

Энэхүү нэмэлт өөрчлөлт болон Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргын хамтарсан тушаалаар баталсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д зааснаар банкууд энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Монголбанк болон СЗХ-нд төлөвлөгөөгөө хүргүүлж, хянуулах үүрэгтэй. 

Энэ үүргийн дагуу ХААН банкийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх  төлөвлөгөөг Монголбанк, СЗХ-нд хүлээлгэн өгөөд байна. Мөн Голомт банкны нээлттэй ХК болох төлөвлөгөөг Монголбанк, СЗХ баталгаажууллаа. Түүнчлэн Хас банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.




Ийнхүү арилжааны банкууд төлөвлөгөөний дагуу нээлттэй хувьцаат компани болох дараагийн шатны ажлаа хэрэгжүүлэх боломжтой болоод байна. Арилжааны банкууд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах нь санхүүгийн салбарын цаашдын хөгжил дэвшилд чухал нөлөөтэй төдийгүй, хөрөнгийн зах зээлийн өсөлтөд огцом түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 


Холбоотой мэдээ