Дэлхий даяар долоо хоногийн дотор 4.4 сая гаруй хүн коронавирусээр халдварлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-08-18 15:13:44

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий даяар долоо хоногийн дотор 4.4 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 66 мянга гаруй хүн нас баржээ.


Долоо хоногийн дотор шинээр халдвар авсан хүний ​​тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 2 хувиар нэмэгдсэн бол нас баралтын үзүүлэлт ижил түвшинд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын тойм мэдээнд дурдсан байна. 


Энэ сарын 9-15-ны хооронд дэлхий даяар 4 444 632 шинэ тохиолдол илэрч, 66 506 хүн нас барсан байна. Наймдугаар сарын 15-ны байдлаар халдвар авсан нийт хүний тоо 1206 714 291-д хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо  4 353 434 болжээ.


Европт долоо хоногийн дотор 1.1 сая гаруй хүн халдвар авч, 10 мянга гаруй хүн нас баржээ. Америк тивд 1.5 сая гаруй шинэ тохиолдол илэрч, 19 мянга гаруй хүн нас барсан бол Зүүн Өмнөд Азид халдварын 502 мянга гаруй тохиолдол илэрч, 19 мянга гаруй хүн энджээ. Долоо хоногт халдварын хамгийн олон буюу 883 996 шинэ тохиолдол АНУ-д бүртгэгдсэн байна. Тус улсын дараа Иран (269 975), Энэтхэг (258 121) оржээ.


ДЭМБ -ын мэдээнд дурдсанаар, 2020 оны 10 дугаар сард Энэтхэгт анх илэрсэн коронавирусний илүү халдвартай “Дельта” хувилбар бүртгэгдсэн улс орнуудын тоо 142 -оос 148 болж нэмэгдсэн байна.


Сүүлийн хоёр сар коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо өссөн бөгөөд энэ нь Номхон далайн баруун бүс, Хойд, Өмнөд Америкт халдварын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 14 хувь болон 8 хувиар тус тус нэмэгдсэнтэй холбоотой байна





Холбоотой мэдээ