ДЭМБ дэлхий даяар халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйг анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
batbold.sh@montsame.gov.mn
2021-08-18 16:23:02
@ShoovdorBatbold

ЖЕНЕВ. /WHO/. Дэлхий даяар “COVID-19” халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхаарууллаа. 

Тэрбээр, ДЭМБ өнгөрсөн долоо хоногт халдварын дөрвөн сая орчим шинэ тохиолдол бүртгэлээ. Цаашид энэ эрчээрээ нэмэгдсэн хэвээр байвал халдварын нийт тохиолдлын тоо хоёр долоо хоногийн дотор 200 сая давж болзошгүй байгааг хэллээ. 

Өнгөрсөн дөрвөн долоо хоногт ДЭМБ-ын зургаан бүсийн тавд нь халдварын үзүүлэлтүүд 80 хувиар юм уу ойролцоогоор хоёр дахин нэмэгдээд байна. Тухайлбал, Африкт халдвараар нас барсан тохиолдлын тоо мөн хугацаанд 80 хувиар өсжээ. Ийнхүү нэмэгдэж буйд хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалт нөлөөлөөд байна. Түүнчлэн иргэдийн бөөгнөрөл, хөл хөдөлгөөнөөс гадна олон нийтийн халдвар хамгааллын арга хэмжээнүүдийн тууштай бус хэрэгжүүлэлт, мөн вакциныг тэгш бус хуваарилалт ч мөн холбоотой юм.  

Үүний зэрэгцээ бага орлоготой орнуудын шинжилгээний түвшин өндөр орлоготой орнуудын хоёр хувьд нь ч хүрэхгүй байгаа нь халдвар хаана тархаж байгааг, хэрхэн өөрчлөгдөж байгааг дэлхий дахин мэдэхэд хүндрэлтэй болгож байна. Бид хяналт ажиглалтаа сайжруулах хэрэгтэй байна. Вирус хаана тархаж байгаа талаарх дэлхий нийтийн ойлголтыг сайжруулахад илүү стратегитэй шинжилгээг хийх шаардлагатай байна. Тодруулбал, нийгмийн эрүүл мэндийн салбарт хөндлөнгийн тусламж шаардлагатай байгаа, халдварын тохиолдлуудыг тусгаарлах, халдварыг бууруулах шаардлагатай байгаа улс орнуудад. Мөн өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээг бэлтгэгдсэн, хамгаалагдсан эмнэлгийн ажилтнуудаас эрт авах хэрэгтэй байгаагийн сацуу хүнд өвчтөнүүдийг эмчлэх, тэдний амь насыг аврахад илүү их хүчилтөрөгч шаардлагатай байна. 

Бидэнд сайн бэлтгэгдсэн, сайн хамгаалагдсан эмнэлгийн ажилтнууд, тэдний үйлчилгээг хүргэх систем, иргэдийн амь насыг аврах тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байна. Мөн шинжилгээ, эмчилгээ, вакцин зэрэг бусад шаардлагатай хэрэгслүүдийг “Дельта” болон бусад шинээр үүсэж буй хувилбаруудын эсрэг үр дүнтэй байлгахын тулд судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг илүү их хийх хэрэгтэй байна. Үүний сацуу бидэнд илүү их вакцин хэрэгтэй байна хэмээн ДЭМБ-ын тэргүүн хэллээ. 


Холбоотой мэдээ