Хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт өрхийн 98 хувь хамрагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн энэ сарын олголтыг 20-нд хийх тухай ХНХЯ-наас мэдээллээ. Хүүхдийн мөнгийг энэ талын зохицуулалтын журмын дагуу сар бүрийн 20-нд олгон хүүхдийн дансанд шилжүүлж байгаа. Энэ оны эхний 6 сарын байдлаар 517 400 өрхийн 1208.500 хүүхэд энэ тэтгэмжийг аваад байгааг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа хэлж байна.
Тэрээр, “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 5 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 5 дахин нэмэгдүүлэн 100.000 төгрөг олгож байгаа. Улмаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 он дуустал дээрх нэмэгдүүлсэн дүнгийн хэмжээгээр үргэлжлүүлэн олгохоор Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргасан" гэв.
Гадаадад амьдарч байгаа 6643 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна .
Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Одоогоор гадаадад амьдарч байгаа 6643 хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна гэв. Нэгэнт журам дурдсаных, Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг шинээр оруулж өгсөн талаар ХНХ-ын сайд мэдэгдэж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж сар бүрийн 100 мянган төгрөгийг он дуустал олгохоор болсон.
Ташрамд мэдээлэхэд, ХНХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгаанаас харахад хүүхдийн мөнгөн тэтгэмжид Монгол Улсын нийт өрхийн 98 хувь хамрагдаж байна. Энэ нь цар тахлын үед хүүхэдтэй өрхүүд суурь хэрэгцээгээ хангахад бодит дэмжлэг болж байна гэсэн дүгнэлт гарчээ. Хүүхэдтэй нийт өрхийн 60 гаруй хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн нэмэгдлийг хүнсэндээ зарцуулсан байна. Хүүхдийн мөнгө цар тахлын хямралын үед цаг үеэ олсон, үр дүнтэй үйл ажиллагаа хэмээн хүртэгчдийн 96.1 хувь нь үзжээ.