Дорнод аймагт "Дельта" вирусний дөрвөн тохиолдол бүртгэгдлээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-23 16:58:30

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт "Дельта" вирусний дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Аймгийн хэмжээнд нийт илэрч байгаа халдварын тохиолдлуудаас 30 сорьцыг түүвэрлэн ХӨСҮТ рүү илгээхэд ийнхүү дельта вирус илэрсэн байна. Дельта вирусээр өвчилсөн эхний иргэний хувьд энэ сарын 10-ны өдөр PCR шинжилгээ өгч, хариу нь 12-ны өдөр гарч эмнэлэгт хэвтсэн аж. Тухайн иргэний гэр бүлийн гишүүн өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан гэв. Шинээр үүссэн энэ тохиолдлын хувьд ойрын хавьтлаар 13 хүн бий ч үүнээс гадна ижил төстэй шинж тэмдэгтэй хүмүүс ч нийт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд нэлээд байгааг анхаарууллаа. Дельта вирусний ойрын хавьтал дунд хүүхэд байгаагаас гадна ийнхүү шинээр илэрч буй тохиолдол нь сүүлийн долоо хоногт ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, олон нийтийн дунд явж байсан хүн юм. 

Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд дельта вирусний халдварын тархалт баруун аймгуудад 80 хувь, зүүн бүс болон улсын хэмжээнд 40 хувьтай тархсан гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.  


Холбоотой мэдээ