“Танкийн биатлон 2021” тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Танкийн биатлон 2021” тэмцээнд 19 улсын баг тамирчид оролцоно. Нийт багийг чансаагаар нэг болон хоёрдугаар дивизионд хуваан уралдуулна.
Тодруулбал, эхний 11 орон нэгдүгээр дивизионд, үлдсэн 8 орон хоёрдугаар дивизионд хуваагджээ. Нэгдүгээр дивизионд ОХУ, БНХАУ, Беларусь, Азербайжан, Казахстан, Монгол болон Серби, Сири, Узбекистан Вьетнам, Венесуэл зэрэг улс багтсан байна. Манай баг тамирчид өнгөрсөн 2019 онд 5 дугаар байр эзэлсэн чансаагаараа энэ жил 6 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Олон улсын Армийн тоглолтын “Танкийн биатлон 2021”-нд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид энэ жил шар өнгийг сугалснаар тамирчдын нэгдүгээр баг бүрэлдэхүүн өчигдөр Венесуэл, Сири, Вьетнам улсын багтай өрсөлдсөн байна. Хоёр болон гуравдугаар баг бүрэлдэхүүн 26, 29-нд уралдана. Тэмцээний ганцаарчилсан уралдааны төгсгөлд баг бүрийн гаргасан амжилт, нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэх ба эхний 8 байрт шалгарсан баг тамирчдыг хагас шигшээ уралдаанд оролцуулах аж.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 12 анги, байгууллагын 21 цэргийн алба хаагч оролцож байгаа. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Олон улсын цэргийн наадам-2021”-ын хүрээнд явагдах тэмцээнүүдийг шүүх олон улсын шүүгчийн эрх олгох сургалтад бригадын генерал Н.Наран-Очир, “Танкийн биатлон” тэмцээний шүүгчийн эрх олгох сургалтад дэд хурандаа Х.Санчирдорж нар хамрагдсанаар шүүх эрхийн сертификатыг гардаж, 3 дугаар зэргийн болзлыг хангасан байна.