Залуус нэгдэн Хараа голын эрэг орчмыг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-28 19:45:33

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханы залуус нэгдэн ундны эх булаг болсон Хараа голын эрэг  орчмын хогийг цэвэрлэлээ. Аялал, зугаалгын улирал шувтарч буйтай холбогдуулан эрүүл, аюулгүй, хоггүй байдлыг эрхэмлэхийг уриалсан 140 гаруй залуус нэгдэн 300 шуудай хог түүв. Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд залуучуудыг сайн дурын ажилд уриалах, үр нөлөөг таниулах зорилгоор БОАЖГ, Залуучууд хөгжлийн төвөөс санаачилсан байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар төлөвлөсөн ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшилсон аж. Хараа голын эрэг дагуух хог цэвэрлэх үйл ажиллагаанд аймгийн БОАЖГ, ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучууд хөгжлийн төв, Дарханы Залуучууд хөгжлийн зөвлөл, Дугуйтай Дархан клуб, “Элит хөгжил” ХХК, “Өргөө кино театрын хамт олон, “Хар ус гол ТББ, “Болор салон, “Дарханы Нөхөрсөг залуус группын Залуучууд, “Шинобу фитнес клуб, Өсвөр үе залуучуудын оролцооны дөрвөн клуб, Дархан Зүтгүүрийн депогийн хамт олон, “Дарханы Иргэдийн дуу хоолой” фэйсбүүк группын залуучууд оролцсон аж. Тэд Дархан сумын хоёрдугаар багийн нутаг Ширээний нурууны гүүрээс доош гурван км орчим газрын хогийг цэвэрлэжээ.

Залуус зөвхөн хог цэвэрлэхээс гадна чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, зарим нь урлагийн номер үзүүлж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Түүнчлэн залуусын идэвхи, оролцоог үнэлж азын сугалаа явуулж хамтран ажилласан байгууллагуудын нэрэмжит шагналын эздийг тодрууллаа. Цаасан өргөмжлөлөөс татгалзаж залуусын чөлөөт цаг, бие бялдарын хөгжилд анхаарч фитнес клуб, бүжгийн спортоор хичээллэх зэргээр олон залуусыг урамшуулав. Үйл ажиллагаа дууссаны дараагаар залуус голын эрэг дагуу амарч буй иргэдэд үер, усны аюулаас болгоомжлох зурагт сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ хоггүй амарч, зугаалахыг уриаллаа.

Ташрамд жил бүрийн хавар, намрын цагт аймгийн БОАЖГ-аас голын ай сав орчмын хог цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ намрын тухайд залуучуудын байгууллагатай хамтран хараа голын эрэг дагуу тархсан хогийг цэвэрлэв.

 

Холбоотой мэдээ