Дөрвөн жилийн хугацаанд гурван сая төгрөгийн тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-01 23:57:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал 2021 оны ЭЕШ-д өндөр амжилт гаргасан төгсөгчид, багш нарт талархал илэрхийлж Засаг даргын нэрэмжит тэтгэлэг, мөнгөн шагнал гардууллаа.

Тодруулбал элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо болон бусад судлагдахуунаар 700-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн төгсөгч О.Азбилэг, 19 дүгээр сургуулийн төгсөгч М.Мишээлт нарыг ТОП төгсөгчөөр өргөмжлөн аймгийн засаг даргын тэтэгэлэг олгохоор шийдвэрлэлээ. Ингэхдээ их дээд сургуульд сурах хугацаа буюу дөрвөн жилийн сургалтын төлбөр болох жил бүрийн гурван сая төгрөгийг олгох ажээ.

Мөн биологийн хичээлээр 800 оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Б.Мэндцацрал, Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан Э.Марал, Химийн хичээлээр 800 оноо авсан Дархан-Эмпати сургуулийн Б.Маргад-Эрдэнэ, Орос хэлний хичээлээр 800 оноо авсан Хонгор сумын 11-р сургуулийн Э.Нарансолонго нарт дөрвөн жилийн хугацаанд жил бүр 2 сая төгрөгийн засаг даргын тэтгэлэг олгох шийдвэр гаргалаа.

ЭЕШ-нд хоёр судлагдахуун дээр 700-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн төгсөгч У. Баасандорж, Б.Хүслэн, арван зургаадугаар сургуулийн төгсөгч А.Амаржаргал, ХААИС-ийн ахлах сургуулийн төгсөгч Т.Хулан, ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч М.Монголжин, Монгол-Оюу сургуулийн төгсөгч Э.Цэлмэг, Дархан-Эмпати сургуулийн төгсөгч Г. Жаргалмаа, ЭЕШ-нд нэг судлагдахуунаар 750-аас дээш оноо авсан Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн С.Баярцэцэг, О.Сарангуа, ХААИС ахлах сургуулийн төгсөгч А.Хонгорзул, 15-р сургуулийн төгсөгч Д.Лхагвадулам, 14-р сургуулийн төгсөгч Э.Хишигжаргал, Дархан Эмпати сургуулийн төгсөгч Г.Ариундалай, ШУТИС-ийн ахлах сургуулийн төгсөгч А.Төгөлдөрбуян нарт тус бүр 500 мянган төгрөгийн Засаг даргын нэрэмжит шагнал олгов.

ЭЕШ-нд шавь нар нь 800 оноо авсан  сурагчдын багш нар болох “Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн багш Н. Нямсүрэн, Д.Амарсайхан, Т.Ариунаа, Дархан эмпати сургуулийн багш М. Пүрэвсүрэн, 19 дүгээр сургуулийн багш Б.Вансарнай нарт тус бүр 500 мянган төгрөг гардууллаа.

Холбоотой мэдээ