"Локомотив" 10 жилийн өмнө онгоцны ослоор амиа алдсан багийнхныхаа дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-09-08 11:25:58

ЯРОСЛАВЛЬ. /TASS/. ОХУ-ын гурван удаагийн аварга “Локомотив” хоккейн клуб Ярославль хот орчимд Як-42 нисэх онгоцны ослоор амиа алдсан тоглогчид, багийн ажилтнуудын дурсгалд зориулсан арга хэмжээг мягмар гарагт зохион байгууллаа.


"Локомотив" клубийн хувьд эмгэнэлт өдөр болох энэ өдөр тэд анх удаа мөсөн талбайд гарч, 2011 оны есдүгээр сарын 7-ны өдөр Ярославлийн баг тоглох ёстой байсан Минскийн “Динамо” багтай тогложээ.


"Локомотив" багийн тамирчид 2011 оны есдүгээр сарын 7-нд Тивийн хоккейн лигийн шинэ улирлын эхний тоглолтоо Минскийн “Динамо” багтай хийхээр Беларусь руу ниссэн байна. Гэвч онгоц өндрөө авч амжилгүй радио гэрэлт цамхагтай мөргөлдөж, Туношонка голын эрэгт унажээ. Онгоцонд 45 хүн байсан бөгөөд тэдний 43 нь газар дээрээ нас барсан байна. "Локомотив”-ын довтлогч Александр Галимов тав хоногийн дараа эмнэлэгт амьсгал хураажээ. Ослоос амьд гарсан цорын ганц хүн бол нисэхийн болон радио-электрон төхөөрөмжийн инженер Александр Сизов юм.


Эмгэнэлт явдлын дараа Ярославлийн баг аварга шалгаруулах тэмцээнд оролцохоо больсон байна. Тивийн хоккейн лиг долоон улирлын турш есдүгээр сарын 7-нд тоглолт хийгээгүй бөгөөд энэ өдрийг онгоцны ослоор амиа алдсан “Локомотив”-ын тоглогчид болон ажилтнуудын дурсгалд зориулдаг болжээ. Харин 2018/2019 оны улирлаас хойш энэ өдөр дахин хуваарийн дагуу тоглолт зохион байгуулж эхэлсэн хэдий ч “Локомотив”  тоглоогүй хэвээр байлаа.


Гашуудлын арга хэмжээ мягмар гаргийн өглөө эрт Ярославль хотын Успен сүмд мөргөл, хойтын буян үйлдэх ёслолоор эхэлжээ. Амиа алдсан тамирчдын төрөл төрөгсөд, найз нөхөд, хөгжөөн дэмжигчид, багийнхан, Ярославлийн оршин суугчид Успен сүмд ирж, ёслолд оролцсон байна. Хоккейчид, клубийн ажилтнуудыг оршуулсан Леонтьевын оршуулгын газарт болсон арга хэмжээнд Ярославлийн янз бүрийн насны хэдэн зуун оршин суугчид цугларч, олон хүмүүс клубийн бэлгэ тэмдгийг барин иржээ.


Гашуудлын арга хэмжээнүүдэд Ярославль мужийн захирагч Дмитрий Миронов, анхны эмэгтэй-сансрын нисгэгч Валентина Терешкова, Тивийн хоккейн лигийн ерөнхийлөгч Алексей Морозов, Залуучуудын хоккейн лигийн ерөнхийлөгч, “Локомотив” клубийн тоглогч асан Александр Гусков нар, бүс нутгийн засгийн газар болон Ярославль хотын захиргааны төлөөлөгчид, "Локомотив"-ын удирдлагууд оролцжээ. Мөн клубийн урилгаар Чех, Словакийн Элчин сайд нар Ярославль хотод хүрэлцэн ирж, амиа алдсан тоглогчдын булшинд цэцэг өргөсөн байна.


Арга хэмжээ "Арена-2000" спорт цогцолборт үргэлжилж, "Хоккейн ахан дүүс" дурсгалын хөшөөнд цэцэг өргөжээ. 


Холбоотой мэдээ