Г.Хишигжаргал: Эмч нарын өмсөж байгаа хувцас нь агаар, шингэн нэвтрүүлдэггүй болохоор их хэцүү

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-09-08 13:13:47

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт энэ оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 3238 тохиолдол батлагдсаны 2738 нь эдгэрч, 1486 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Эмчилгээний тасагт нийт 373 хүн эмчлүүлж байгаагаас хүнд 8, хүндэвтэр 84, хөнгөн 281 байгаа бөгөөд коронавирусний улмаас аймгийн хэмжээнд 11 хүн нас баржээ. Коронавирусний халдвараас сэргийлэх вакцины I тунд 52768, II тунд 50461 иргэн хамрагдаад байна. Түүнчлэн Баян-Овоо суманд халдварын тохиолдол одоогоор батлагдаагүй бөгөөд Хэрлэн суманд 1498, Бор-Өндөрт 445, Батноровт 203 тохиолдол батлагдаж хамгийн олон хүн коронавирусний халдвар авчээ. Халдварын тархалт, эмчилгээ, шинжилгээний талаар Халдвартын тасгийн эрхлэгч Г.Хишигжаргалтай ярилцлаа.


-Сүүлийн үед коронавирусний дельта хувилбарын талаар их яригдаж байна. Альфа, дельта халдварын шинж тэмдгийн талаар тодруулаач?

-Дэлхий нийтийг хамарсан энэ өвчлөл хоёр жил гаруйн хугацаанд хувьсан өөрчлөгдөж байна. Альфа хувилбарын үед хуурай ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, хоолой сөөх шинжтэй байсан бол дельта хувилбарын үед суулгалт, бөөлжилт, ам хамраас нь шингэн нус гоожих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Мөн хавдартай, сүрьеэтэй, чихрийн шижинтэй, архаг бронхиттой, уушгины хууч өвчтэй, зүрх судасны эмгэгтэй, даралт ихэсдэг жирэмсэн, хүүхэд, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам их өвчилж байна. Дельта хувилбар манай аймагт төдийгүй ихэнх аймагт тархалт өндөртэй бүртгэгдэж байна.

ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн тооцоолсноор 9-р сарын дунд үеэс өвчний тархалт нэлээд нэмэгдэж, 3 дахь давлагааны оргил үе явагдана гэсэн прогнозтой байгаа. Үүнтэй холбоотой сургууль, цэцэрлэг болон цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг сайн дурын үндсэн дээр 3 дахь тунгийн дархлаажуулалт эхлээд байна. Мөн жирэмсэн болон архаг хууч өвчтэй 55-аас дээш насны хүмүүс хамрагдаж байгаа. Дельта хувилбарын гол аюул нь халдварлах чадвар 2 дахин их, хүндрэл нас баралт 1.4 дахин их байна. Томуугийн вакцин 9 дүгээр сарын сүүлээр Монголд орж ирнэ гэсэн мэдээллийг ЭМЯ өгсөн. Тэгэхээр 10 дугаар сарын эхэн гэхэд хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулна.


-Гаднаас ирж байгаа иргэдийн шинжилгээг хэрхэн хийж байгаа вэ?

-Хөл хорио тавьсны дараагаар Дэлүүн болдогийн пост дээр шинжилгээ авч байсан нь маш их үр дүнтэй байлаа. Бид хүн бүрийг гаднаас нь хараад тодорхойлж чадахгүй. Тэгэхээр хүн бүрээс шинжилгээ авч халдвартай хүнийг буцаах, орон нутгийн харьяалалтай бол аймагт авчирч тусгаарлалтад оруулах арга хэмжээ авч ажилласан нь харьцангуй үр дүн өгсөн гэж бодож байгаа. Цаашдаа хувь хүний хариуцлага, ухамсар хамгийн чухал нөлөөтэй. Өвчний нууц хугацаа 14 хоног учир бид хавьтал болоод явж байгаагаа мэдэхгүй. Тиймээс иргэд амны хаалтаа зөв зүүж, гараа ариутган, ахуйн цэвэрлэгээг тогтмол хийж хэвших хэрэгтэй. Бусдад халдвар тараахгүй байх юмсан, бусдаас халдвар авахгүй юмсан гэдгийг иргэн бүр ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Одоо бол хүн болгоны хариуцлага л хамгийн чухал байна.


-Одоогийн байдлаар өвчлөлийн илрэх байдал, эмчилгээ хэр байгаа вэ?

-Коронавирусний халдварын 80 гаруй хувь нь хөнгөн, 15 хувь нь хүндэвтэр, 5 хувь нь хүнд хэлбэртэй байна. Эмнэлзүйн хувьд ханиад томуугийн шинжтэй ханиалгах, халуурах, хамраас шингэн нус гоожих, хуурай ханиалгах, цээжээр өвдөх, хамар битүүрэх, амт үнэр мэдрэхгүй болох, толгой өвдөх, ядрах, сульдах гэх мэт шинж тэмдгүүд хүний бие физиологиос хамаараад янз бүр илэрч байна. Хүндэвтэр үедээ уушгины хатгалгаагаар хүндэрдэг. Вирусний халдвар эхлэх үедээ халуурах, удаан хугацаагаар үргэлжлэн амьсгаадах, хүчил төрөгчийн хангамж нь буурч цээжээр өвдөх, цээжинд хэржигнүүр сонсогдох зэрэг өөрчлөлтүүд гарч байна. Өндөр настай хүмүүс одоогоор их хүндэрч байна. Энэ хүндрэлийн үед манай эрчимт эмчилгээнийхэн орж ажиллаж байгаа. "Ковид-19" халдварт өртвөл дархлаа, биеийн эсэргүүцлийг нь дэмжих үрэвслиийн эсрэг эмчилгээнүүд хийж байна. Түүнчлэн хүндрэл үүсч, хавсарсан өвчний эмгэгүүд даамжирвал өөр эмчилгээнүүд хийдэг.


-Өвчлөлийг илрүүлэх, тандалт хийх ажил ямар үе шаттайгаар явагддаг вэ?

-Коронавирусний өвчлөл эхэлснээс хойш тандалтын ажлыг байнга давхар хийж байна. Тандалтын ажил хийснээр ойрын хавьтлуудад байнгын хяналт тавьж байна. Тусгаарлалтын хугацаанд халдварыг гадагш тараахгүйн тулд эхний 6 болон 13 дахь хоногт шинжилгээ авдаг. Ингэснээр хавьтлуудыг тандалтаар илрүүлэн хэвтүүлдэг. Харин гаднаас ирсэн хүмүүс шинж тэмдэг илэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Ер нь бол анхны голомтуудыг Хэнтий аймаг хумьж чадсан. Гэвч хөл хорио тавигдсантай холбоотой Улаанбаатар хотоос нэлээд халдвартай тохиолдлууд нэмэгдсэн. Тэдгээр тохиолдлууд хөдөө орон нутаг, малчны хотонд очиж тархсанаар голомтуудын тоо алдагдаж, шинэ голомтууд үүссэн. Мөн баяр наадмын амралттай холбоотойгоор хөдөө халдварын тархалт нэмэгдсэн.


-Одоо гэрээр эмчлүүлж байгаа хүн бий юу?

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс байгаа. Цаашдаа бид аль болох гэрээр эмчилгээ хиймээргүй байна. Яамнаас гэрээр эмчилгээ хийхэд эмнэлгийн ачааллыг бууруулна гэж тооцоолсон боловч тархалтын тоо буурахгүй байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс тусгаарлалтын дэглэмээ сайн сахихгүй зөрчөөд гадуур явж, бусдад тараах эрсдэл үүсээд байгаа учраас халдвартын эмч нар гэрээр эмчилгээ хиймээргүй байна гэсэн саналыг тавьж байгаа. Хөнгөн ч байсан халдвартынхаа тасагт эмчилгээ хийвэл халдварын тоог бууруулна гэсэн саналыг аймгийн ЗДТГ болон Онцгой комисст хүргүүлсэн.


-Одоогийн байдлаар боловсон хүчний болон эмнэлгийн нөөц хангалттай байгаа юу?

-Сүүлийн үед ачаалал эрс нэмэгдсэн учраас Халдвартын эмнэлэгт 50 ор, Сүрьеэгийн эмнэлэгт 30, Уламжлалтын эмнэлэгт 30, Политехник коллежид 100 ор дэлгэсэн. Одоогоор Уламжлалтын эмнэлгийг ажиллуулаагүй, коллеж, халдварт, сүрьеэгийн эмнэлэгт нийт 190 гаруй хүн эмчлүүлж байгаа. Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор коллежийг 9 дүгээр сарын 10 гэхэд суллаж, 9-р цэцэрлэгт шинээр эмнэлэг дэлгэн ажиллуулах бэлтгэл хийж байна.

Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Халдвартын эмнэлэгт сангийн засварыг богино хугацаанд хийхээр болж, шаардлагатай байгаа 10 гаруй сая төгрөгийг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн. Боловсон хүчнээс гадна байр сав тохиромжгүй байгаа учраас түр зогсоон халдвартын болон сүрьеэгийн эмнэлэгт өвчлөгсдийг түлхүү хүлээн авч байна. Одоо нийт дөрвөн эмнэлэгт 4 баг ажиллаж байна. Нэг багт эмч, сувилагч, ариутгагч, цэвэрлэгч гэсэн хүмүүс ажилладаг. Энэ 4 хүн маань 14 хоног ажиллаад 7 хоног тусгаарлалтад орно. Тэгэхээр тусгаарлалтын үед Хэнтий аймгийн нийт эмч сувилагчид татагдан орж ажиллаж байна.


-Тусгаарлалтын хугацаанд эмч сувилагч нар хаана байрлаж байгаа вэ?

-Нэг хэсэг "Жонон" зочид буудалтай гэрээ хийж, эмч, сувилагчдаа тусгаарлаж байсан. Одоо "Эрдэнэ" зочид буудалтай гэрээ хийн ажиллаж байна.


-Манай аймагт эмч сувилагч, эмнэлгийн ажилтнуудаас халдвар авсан тохиолдол бий юу? Илүү цагаар ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан маань илүү цагийн хөлсөө авч чадаж байгаа юу?

-Халдвар авсан тохиолдлууд байгаа. Голомтод ажиллаж байгаа багууд халдварт өртөх эрсдэл харьцангуй бага. Тусламж үйлчилгээтэй холбоотойгоор гаднаас халдвартай хүмүүс ирж үйлчлүүлснээр эмнэлгийн ажилтнууд халдварт өртсөн тохиолдол гарсан. Илүү цагаар их ажиллаж байгаа ч ажилласан хүмүүсийн илүү цагийн хөлс бүрэн олгогдоогүй. Одоогийн байдлаар 25-26 баг голомтод орж ажилласнаас эхний 8 багийн илүү цагийн хөлс олгогдсон.


-Эмч, эмнэлгийн ажилтнуудын маань ажлын байрны нөхцөл хэр байна вэ? Хамгаалах хувцсыг байнга хэрэглээд харшилтай болж байна гэж сонссон.

-Эмч нарын өмсөж байгаа хувцас нь агаар, шингэн нэвтрүүлдэггүй болохоор их хэцүү байна. Амны хаалт зүүхэд л бид нар гаднаас ямар ч сэнгэнэсэн агаар мэдрэхгүй, битүү агаар амьсгалж байна. Ялангуяа зуны халуунд маш их хөлөрнө. Ялангуяа нүүрний хаалт хэрэглэснээр сувилагч нар дусал тариа хийх гэхээр нүүрний хаалт нь цантчихдаг учраас судас олж харахад хүндрэлтэй байдаг. Мөн үйлчлэгч нар өдөр, шөнөгүй ариутгал цэвэрлэгээ хийж, байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас маш их хөлөрдөг. Тэр хувцастайгаа бид нар 4 цаг ажиллаад солих ёстой хэдий ч өвчтөн хүнд байвал 4 цаг тутамдаа орж гараад байх боломжгүй байдаг. Хамгаалах хувцасны үнэ бас их өндөр учраас ам цангалаа гээд гараад хувцсаа солиод амныхаа цангааг гаргачихаад ирэх боломжгүй. Тийм учраас бид идэж уух юмаа хязгаарлачихдаг. Энэ 14 хоногийн хугацаанд бол ар гэрээ хаяад иргэдээ, улсаа эрүүл байлгахын төлөө ажиллаж байна. Ар гэрийг маань миний хань ижил, аав ээж л авч явдаг.

-Ярилцсанд баярлалаа. Цагаан нөмрөгт баатруудын маань энхийн манаа тайван байж, хүн зон эрүүл энх, элэг бүтэн сайхан амьдрах болтугай.

Холбоотой мэдээ