Вьетнамын гурван иргэнийг хуурамч мөнгөн дэвсгэрт ашигласан хэргээр баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Вьетнамын гурван иргэнийг 10 мянган иений хуурамч дэвсгэрт ашигласан хэрэгт холбогдуулан Токио хотын цагдаа нар баривчилжээ.
Уг мөнгөн дэвсгэрт нь ханхүү Шоотокүгийн хөрөг бүхий мөнгөн дэвсгэртийн хуучин хувилбартай төстэй байсан байна.
Түүнчлэн сэжигтнүүд өнгөрсөн сард Токиогийн Накано дүүргийн дөрвөн дэлгүүрт тус бүр хуурамч нэг мөнгөн дэвсгэрт ашигласан болохыг тогтоожээ. Вьетнам улсын эдгээр иргэн нь Токиод оршин суудаг, 20 орчим насны залуус байжээ.
Цагдаа нар сэжигтнүүдийн гэр болон бусад газраас 130 орчим хуурамч мөнгөн дэвсгэрт хураан авснаас гадна мөнгөн дэвсгэртүүдийг хэрхэн олж авсан талаар судалж байгаа ажээ. Цагдаагийн газраас тус иргэдийг хэргээ хүлээсэн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Үүнээс гадна нийслэл Токио хотын дэлгүүрүүд болон бусад үйлчилгээний газарт хуурамч мөнгөн дэвсгэрт ашигласан тухай дуудлага, мэдээлэл өнгөрсөн сарын 21-ээс хойш цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд нийт 130 дэлгүүрт 142 ширхэг хуурамч мөнгөн дэвсгэрт ашиглан худалдаа хийсэн болохыг тогтоосон байна.