Япон дахь монгол эмэгтэйчүүд тамирчдадаа талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-13 12:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад ажиллаж амьдарч буй монголчууд “Токио-2020” зуны XXXII олимп, паралимпын XVI наадамд оролцсон Монголын баг тамирчдыг дэмжих аян зохион байгуулжээ.


Тус аяныг зохион байгуулагчид Токиогийн “Нарита”-гийн олон улсын нисэх буудлаас 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр эх орон руугаа ниссэн “Токио-2020” зуны паралимпын XVI наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдад гарын бэлэг гардуулан, спортын өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.    


Монгол Улсаа төлөөлөн паралимпын наадамд амжилттай оролцож, харийн нутагт байгаа монголчууддаа эрч хүч бэлэглэж, эх орон ард түмнээрээ бахархах сэтгэлийг бадраасан гэдгийг Японд ажиллаж, амьдарч байгаа монголчууд онцлон хэлж байв.



Сэтгэлийн бэлэг гардуулах аяныг зохион байгуулагчдын нэг Япон улсад ирээд 27 жил ажиллаж амьдарч байгаа Рэнцэндоржийн Энхтуяа, "Япон оронд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд, эхчүүдийн Фэйсбүүк групп байдаг. Үүгээр дамжуулан "Токио-2020" зуны олимп, паралимпын наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдаа дэмжих аяныг зарлахад монголчууд маань маш сайхан хүлээн авч дэмжсэн. Энэ аянд Японд ажиллаж, амьдарч байгаа 139 хүн оролцож, 427 мянган иен цугларсан. Бид үүгээр 98 бэлэг бэлдэж Токиогийн олимп болон паралимпын наадамд оролцсон баг тамирчдад гардуулж байна. Хамгийн сүүлд паралимпын баг тамирчиддаа илүү их урам зориг, амжилт хүсээд, илүү том бэлэг өгч байгаа юм. Бидний чин сэтгэлийн бэлэг бол баг тамирчдаа дараа дараагийн олимп, паралимп, тэмцээнүүддээ улам өндөр амжилт гаргаарай гэж хүсэн ерөөж байгаагийн илэрхийлэл юм шүү. Бүх монголчууддаа эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж байна. Энд бидний монголчууд нэр төртэй ажиллаж, амьдарч байгаа. Монголын паралимпын тамирчид бидний үр хүүхдүүдэд тэсвэр тэвчээрийн үлгэр дуурайллыг үзүүлж, эх орноороо бахархах сэтгэлийг бадрааж өгсөнд баярлалаа” гэсэн юм.



Аяны хүрээнд, монгол төгрөгөөр үнэлбэл 11 сая 102 мянган төгрөг цуглуулан Монголынхоо баг тамирчдад сэтгэл зүрхээрээ дэмжин хүн тус бүрд ийнхүү гарын бэлэг бэлджээ.


“Нарита”-гийн буудалд хүрэлцэн ирж сэтгэлийн бэлгээ хандивласан Чүлтэмжамцын Саранчимэгийн сэтгэгдлийг сонирхоход, “Би Төв аймгийн Эрдэнэ сумын уугуул. Японд 11 дэх жилдээ амьдарч байгаа. Энд 2 хүүхэд, дүү нарын хамт амьдарч байна. Монголын нийт баг тамирчдаар, ялангуяа паралимпын хүчирхэг тамирчин залуусаараа үнэхээр их бахархаж байна. Энэ аянд чин сэтгэлээсээ идэвхтэй оролцсон Япон улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа баярлалаа. Монголчууд дэлхийн хаана ч явж, ажиллаж, амьдарч байсан эв нэгдэлтэй, бие биедээ тус дэмтэй байдаг ард түмэн гэж боддог. Та бүхэнд улам их амжилт хүсье” хэмээн ярьсан юм.



Япон улсын олон хот, сууринд ажиллаж амьдарч буй, 18 мянга шахам монголчууд цахим сүлжээгээр холбогдон бие биедээ тусалж зөвлөн, эв нэгдэлтэй аж төрж байдгийг энэхүү аян илтгэж байлаа.

Холбоотой мэдээ