Хилийн тээвэр ложистикийг шинэ шатанд гаргахад хамтран ажиллахаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-13 07:46:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хөгжил, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хийж буй ажил, зарим төслийн талаар танилцуулж, санал солилцлоо.


Элчин сайд Цай Вэньруй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уул уурхайн салбарын үүрэг оролцоо чухлыг онцлоод, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөөс гадна эдийн засгийн үр өгөөжийг нэмэхэд БНХАУ-ын төр, хувийн хэвшил онцгой анхаарч байгааг тэмдэглэв.


Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-иас “Шивээ-Овоо” эрчим хүчний экспортын 5280 МВТ-ын, “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцын төслийн явц, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-д экспортлох чиглэлээр ажиллаж байгаа тухай танилцуулж, эдгээр төслийг дэмжихийг Элчин сайдаас хүслээ. Мөн төрийн өмчит “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн эрчим хүчний нүүрсний нөөцийг нэмэх геологи хайгуулын төсөлд хамтран ажиллах сонирхолтойгоо  илэрхийлжээ.


Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний экспортын 5280 МВТ-ын цахилгаан станцын төсөлд БНХАУ-ын туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани хамтран ажиллаж байгаа нь цаашид Монгол Улсын эрчим хүч, нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний экспортын цогцолбор төслийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “гүүр” болж дэмжинэ. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцоллоо.


Мөн цар тахлыг богино хугацаанд даван туулах боломж хомс энэ үед БНХАУ-аас техник технологийн дэвшлийг ашиглан хилийн боомтуудад чингэлэг, жолоочгүй, агаарын, конвейрын тээвэр зэрэг техник технологийн дэвшлийг ашигласан тээвэр ложистикийг хөгжүүлэх бодлого баримталж байгааг хэлжээ.


Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн өртөг зардал болон байгаль орчин, экологид учрах сөрөг нөлөөлөл багасах зэрэг давуу талтайгаас гадна Монгол Улсын нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бодитой нэмэгдэнэ гэдэгтэй уулзалтад оролцогчид санал нэгдлээ.


Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр зам барих, агаарын, чингэлэг, конвейрийн, жолоочгүй тээврийг хөгжүүлэх судалгаа төсөл хийх, хэрэгжилтийг зохицуулах, хууль эрх зүйн орчин бүрдүүүлэх талаар холбогдох яам, Засгийн газарт танилцуулж ажлаа эрчимжүүлэхэд анхаарч байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа хэлэв.


Цаашид хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр, тэр дундаа хил боомтын тээвэр ложистикийг шинэ шатанд гаргахад бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийллээ.

Холбоотой мэдээ