Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-15 09:33:45

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир Тогтвортой хөгжлийн зорилтуудад /ТХЗ2030 он гэхэд хүрч чадахгүй байж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлээд, энэхүү чиглэлд гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлэн нэмэгдүүлэхийг уриалжээ.


Хүн төрөлхтөн, эх дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх өнөөгийн хийгээд ирээдүйн төлөвлөгөө болсон эдгээр зорилтыг хэрэгжүүлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийг ирээдүйд үүсэн гарч болзошгүй эрсдэлээс хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглээд, бид бүхэн одоогийнхоо хурдаар товлосон хугацаандаа дэвшүүлсэн зорилтуудаа биелүүлж чадахгүй бололтой байна хэмээн анхааруулсан байна.


В.Бозкир НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганыг хаах үеэрээ, “Энэхүү Ассамблей болон НҮБ-ын гишүүд та бүхэн ТХЗ-ыг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж мэдэгджээ. Туркийн ахмад дипломат олон талт байдлын тухайд, “Бид олон талт тогтолцоог бэхжүүлж, түүнийхээ хүчээр нэгдэх хэрэгтэй” гэв.


"Манай дэлхий улам бүр даяарчлагдаж, уялдаа холбоотой, харилцан хамааралтай болж байна. Иймд үндсэрхэг үзэл бүхий шийдлүүд бидний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхгүй. Олон талт стратеги нь биднийг “COVID-19” халдварын тархалт, түүний хувилбаруудтай илүү сайн тэмцэхэд хувь нэмрээ оруулж, хамгийн эмзэг бүлгүүдийг хамгаалахад тусалсан гэдэгт би итгэж байна" гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ