Монгол, Оросын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа дэлхийн II дайны үед ч тасалдаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-16 17:11:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Орос, Монгол XX зуунд: Монголын ардын хувьсгал болон дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд" олон улсын эрдэм шинжилгээний хурал Бүгд Найрамдах Буриад Улсад  энэ сарын 9-10-нд боллоо.

 

Эрдэм шинжилгээний хурлыг Буриадын Засгийн газар, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Оросын ШУА-ийн монгол, будда, төвөд судлалын хүрээлэн болон Монгол Улсын ШУА хамтран, Буриад дахь Оросын түүхийн нийгэмлэгийн салбарын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

 

Чуулганы нээлт 2021 оны 9-р сарын 9-нд Хиагт хотод болж, "Орос-Монголын харилцааны түүхэн дэх Хиагтын үүрэг" дугуй ширээний хэлэлцүүлэг, "Орос ба Монгол: түүхийн хуудас" Монголын Ардын хувьсгал болон дипломат харилцаа тогтоосны 100 жил, Орос-Монголын найрамдлын музейн 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг зохион байгуулжээ.

 

Үйл ажиллагааг нээж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, будда, төвөд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров хоёр улсын Гадаад хэргийн яамдын оролцоотой бэлтгэсэн хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг тэмдэглэжээ. Мөн энэ үеэр Монгол Улсын ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлсэн үгэндээ, 100 жилийн турш Монгол, Орос үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн бөгөөд ялангуяа шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа нь дэлхийн 2 дугаар дайны үед ч тасалдаагүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

 

Буриадын Засгийн газрын хурлын танхимд 9-р сарын 10-нд  болсон нэгдсэн чуулганы нээлтийн үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов нэвтрүүлэх хүчин чадал нь хоёр дахин нэмэгдсэн Хиагт боомтын нээлтийн ач холбогдлын талаар онцолж мөн “Орос улс руу фашистууд дайрахад хамгийн түрүүнд Монголын ард түмэн фашизмыг ялан дийлэхэд асар их хувь нэмэр оруулж үнэлж барамгүй туслалцаа үзүүлсэн. Дараах бүхий л хугацаанд Монгол, Орос бол хамгийн дотны түнш, найз нөхөд байсаар ирсэн” хэмээн дурдсан байна.

 

Чуулганы дараагийн хэсэг нь Оросын ШУА-ийн монгол, будда, төвөд судлалын хүрээлэнгийн баазад болсон бөгөөд  6 салбар хуралдааныг зохион байгуулж Орос, Монголын тэргүүлэх эрдэмтдийн 80 гаруй илтгэлийг танилцуулжээ.

Хурлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Тэргүүлэгчид, Монголын ШУА-ийн Тэргүүлэгчдийн хамтарсан хурал болж үр дүнд нь “ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар МУШУА-ийн хоорондын шинжлэх ухааны хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх тухай хэлэлцээр-ийг үзэглэв.

Мөн “ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хойд ба Зүүн хойд Азийн хил дамнасан харилцан үйлчлэлийн асуудлын талаарх Олон улсын шинжлэх ухааны төвтэй МУШУА Сүлжээний түншлэлийн хэлэлцээр” байгуулж гарын үсэг зурсан юм. Түүнчлэн “Буриадын Хөдөө аж ахуйн хүрээлэн болон Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хоорондын олон улсын судалгааны хамтын ажиллагааны гэрээ” байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд МУШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, академич Ц.Батбаяр, доктор Н.Хишигт нарт Оросын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, будда, төвөд судлалын хүрээлэнгийн хүндэт доктор цол олгосон байна.

 

 


 


Холбоотой мэдээ