Африкийн долоон улсад халдварын дөрөв дэх давалгаа дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-17 15:21:33

АДДИС-АБЕБА. /Anadolu/. Африкийн долоон улсад коронавирусний халдварын дөрөв дэх давалгаа дэгдэж, 43 улсад халдварын гурав дахь давалгаа үргэлжилж байна гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жон Нкенгасонг пүрэв гарагт мэдэгджээ.


Тодруулбал, халдварын дөрөв дэх давалгаа одоогоор Алжир, Бенин, Кени, Тунис, Египет, Маврики, Сомали зэрэг улс оронд дэгдэж байгааг долоо хоног тутмын хэвлэлийн бага хурал дээр Ж.Нкенгасонг дурджээ. Африкийн 37 орчим улсад халдварын “Дельта” хувилбар, хоёр улсад халдварын “Гамма” хувилбар тархжээ.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, тивийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 8.1 саяд ойртож, 204821 хүн халдварын улмаас нас баржээ. Түүнчлэн халдвар авсан 7.4 сая гаруй хүн эдгэрсэн байна.


"Африк тивд бүртгэгдсэн нас баралтын тохиолдлын тоо нь дэлхий даяар бүртгэгдсэн нас баралтын нийт тохиолдлын 4.4 хувийг эзэлж байгаагаас гадна тус тивийн Судан, Сомали, Египетэд бүртгэгдээд буй нас баралтын түвшин 5 хувиас дээш байна" гэж Ж.Нкенгасонг онцолжээ.


Халдварын тархалтыг газар зүйн бүсээр авч үзвэл, коронавирусний тохиолдол анх илэрснээс хойш Өмнөд Африкт 3.8 сая гаруй, Хойд Африкт 2.5 сая, Зүүн Африкт 948500, Баруун Африкт 631500, Төв Африкт 227800 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.


Нас баралтын тохиолдлыг газар зүйн бүсээр авч үзвэл, Өмнөд Африкт 106800, Хойд Африкт 65900, Зүүн Африкт 16900, Баруун Африкт 9200, Төв Африкт 3200 хүн халдварын улмаас нас баржээ.


Түүнчлэн тивийн хэмжээнд 167.5 сая тун вакцин хүлээж авсан бөгөөд одоогоор 122.4 сая орчим тун вакцин тарьжээ.

 

Холбоотой мэдээ