Дархлаажуулалтын гурав дахь тунд иргэдийн 12.3 хувь нь хамрагджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-17 16:20:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт дархлаажуулалтын гурав дахь тунд хамрагдах иргэдийн идэвх муу байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

–Энэ сарын 13-ны өдрөөс зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын гурав дахь тунд хамруулах ажил 24 суманд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 423 иргэн хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд гуравдугаар тунд 6726 иргэн хамрагдахаас 12.3 хувь нь л хамрагдаад буй. Манай аймаг дархлаажуулалтын гурав дахь тунд зориулж, 11700 хүн тун файзер вакцин татаж авсан. Вакциныг харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байгаа.

Эхний ээлжинд 55-аас дээш насны иргэд сайн дураараа, эмнэлэг, цагдаа, Онцгой байдлын газар, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд, элэгний В, С вирусний халдвартай, хавдартай, ХДХВ-тэй, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс хамрагдаж байна. Мөн жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд гурав дахь тунгийн вакциныг хийж буй.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд хоёр тун вакцинд хамрагдсанаас хойш гурваас доошгүй сар болсон байх. Хоёр тун вакцин хийлгээд коронавирусний халдвараар огт өвчлөөгүй байх шаардлагатай. Иргэд дархлаажуулалтын гурав дахь тунгаа файзер, вероселл вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой юм гэв. 

Холбоотой мэдээ