Өнгөрөгч долоо хоногт халдварын 1506 тохиолдол илэрчээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-20 14:54:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд халдварын 1506 тохиолдол илэрсний 53.5 хувь нь Арвайхээрт бүртгэгджээ.

Энэ нь зах, худалдааны төвийн түрээслэгчдийг шинжилгээнд хамруулсантай холбоотой бөгөөд иргэдийн дунд шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэлтэй хүн олон байна хэмээн үзэж байгаа юм.

Батлагдсан тохиолдлыг насны байдлаар авч үзвэл 18-64 насны иргэд 60.9 хувийг, 65-аас дээш насны иргэд 23.8 хувийг эзэлж байгаа аж. Нийгмийн харилцаанд хамгийн их оролцож байгаа насанд хүрэгчдийн дунд өвчлөл өндөр байгаа нь тэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй байгаатай холбоотой хэмээн эмч мэргэжилтнүүд дүгнэж байна. Тухайлбал, албан байгуулага, аж ахуй нэгжүүд хамт олноороо хооллох, зугаалах, тоглох зэргээр амны хаалт хэрэглэлгүй харилцсанаас үүдэлтэйгээр нэг халдварын ард 4-5 хүн өвчлөх нөхцөл илэрч байгаа гэнэ.

Өнгөрөгч долоо хоногт халдварын улаан бүсэд хоногт 280-326 эмч мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд улаан бүсээс халдвар авсан эмнэлгийн мэргэжилтэн 6 байсан ба нийт эмнэлгээс шалтгаалах халдварын тоо 85 боллоо. 

Холбоотой мэдээ