“Pfizer” вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй гэдгийг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-21 13:04:50

ВАШИНГТОН. /CNN/. Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцинд 5-11 насны хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн 2/3 дугаар үе шатны туршилтаар вакцин аюулгүйгээс гадна эсрэг биетийн “хүчтэй” хариу урвал үзүүлж буйг тогтоолоо гэж “Pfizer” компани даваа гарагт мэдэгджээ.


Pfizer” бага насны хүүхдүүдийг оролцуулж буй туршилтынхаа үр дүнг анх удаа танилцуулж буй нь энэ бөгөөд энэхүү мэдээллийг холбогдох албаны мэргэжилтнүүд хараахан хянан нягтлаагүй байгаагаас гадна шинжлэх ухааны сэтгүүлд нийтлээгүй байна. Тус компанийн хувьд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ вакцинаа хүүхдүүдэд хэрэглэхийг яаралтай журмаар зөвшөөрөх хүсэлтийг ойрын хугацаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


Энэхүү туршилтад оролцсон 5-11 насны 2268 хүүхдэд хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай тарьжээ. Ийнхүү туршихдаа 10 микрограмм буюу 12-оос дээш насныханд тарьж буй 30 микрограммаас бага тунг ашигласан байна. “5-11 насны хүүхдүүдийн аюулгүй байдал, тэсвэр, дархлаа үүсэх чадварыг сайтар харгалзан үзсэний дүнд 10 микрограмм тунг тарьсан” гэж “Pfizer” мэдээлжээ.


Тийнхүү туршилтад оролцогчдын цусанд үүссэн саармагжуулах эсрэг биетийн түвшинг судлах замаар дархлааны хариу урвалыг тодорхойлж, 16-25 насны буюу 30 микрограммаас өндөр тун бүхий хоёр тунд хамрагдсан бүлгийн хүмүсийнхтэй харьцуулжээ. “Pfizer”-ийн мэдээлснээр, өндөр тунг тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад сайн үр дүн үзүүлж, хоёр дахь тунг хийлгэснээс нэг сарын дараа дархлааны хүчтэй хариу урвал үзүүлсэн байна.  


Мөн вакцин хийлгэснээс үүдэлтэй гаж нөлөөний хувьд 16-25 насны оролцогчдод ажиглагдсантай ерөнхийдөө төстэй байсан гэдгийг компанийн мэдэгдэлд дурджээ. “Pfizer”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, матрицын рибонуклейн хүчилд суурилсан вакцинтай холбоотой зүрхний үрэвсэл, миокардит зэрэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.


Pfizer” эдгээр мэдээлэлдээ үндэслэн вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэх хүсэлтээ “ойрын хугацаанд” гаргах бөгөөд цаашлаад эцсийн шатны зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулах ажээ. АНУ-д “Pfizer”-ийн вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа бол 12-15 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.


Үүнээс гадна таваас доош насны хүүхдүүдийг оролцуулж буй туршилтын үр дүн энэ оны дөрөвдүгээр улиралд гарах төлөвтэй байгааг тус компани мэдээлсэн байна. 


“Долоодугаар сараас хойш АНУ-д хүүхдүүд “COVID-19”-өөр халдварласан тохиолдлын тоо ойролцоогоор 240 хувиар өссөн нь тэднийг вакцинжуулах шаардлагатайг харуулж байна. Энэхүү туршилтын үр дүн 5-11 насны хүүхдүүдэд вакцинаа хэрэглэх хүсэлт гаргах найдвартай үндэслэл боллоо. Иймд бид Хүнс, эмийн чанарын хяналтын газар тэргүүтэй бусад байгууллагад яаравчлан хүсэлтээ өргөн барина” гэж “Pfizer” компанийн тэргүүн Альберт Бурла мэдэгджээ. 

Холбоотой мэдээ