БНСУ хоёр сая гаруй автомашинаа зах зээлээс эргүүлэн татжээ

Дэлхийд | Технологи
anudaritsagaan@gmail.com
2021-09-22 16:50:59

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д эргүүлэн татсан автомашины тоо энэ оны эхний найман сарын байдлаар хоёр сая давсан гэж тус улсын Засгийн газраас өнөөдөр танилцуулсан мэдээлэлд харуулжээ.


БНСУ-ын Зам тээврийн яамны мэдээлснээр, дотоодод зарагдсан 1829 загварын нийт 2.24 сая орчим автомашиныг энэ оны 1-8 дугаар сарын хооронд эргүүлэн татсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.


Үүнээс 76.2 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн автомашин байсан бол 23.8 хувь нь импортоор орж ирсэн автомашинууд байжээ.


Автомашин үйлдвэрлэгчид ихэвчлэн жилийн сүүлч үеэр зах зээлээс илүү олон автомашиныг эргүүлэн татдаг бөгөөд энэ жилийн хувьд уг үзүүлэлт өнгөрсөн жил эргүүлэн татсан /2.4 сая/ нийт хэмжээнээс хол давах төлөвтэй байна.


Автомашины борлуулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эргүүлэн татах үйл ажиллагаа ч мөн цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж салбарын ажиглагчид үзжээ.


БНСУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани энэ оны гуравдугаар сард гал гарах эрсдэлтэй гэх шалтгаанаар 25000 орчим “Kona” цахилгаан автомашиныг эргүүлэн татжээ.


Түүнчлэн тус компанийн өв залгамжлагч Эуйсун Чуны санаачилгаар 2015 онд анх бүтээсэн тансаг зэрэглэлийн “Genesis” брэндийн 177 ширхэг “G80” цахилгаан автомашиныг  долоодугаар сард эргүүлэн татсан байна.

 

 

Холбоотой мэдээ