“Монголын шилдэг нийтлэл" цувралын дээжээс гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-22 19:11:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ судалгааны төв ТББ-ын удирдлага МОНЦАМЭ агентлаг, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ  цуврал дээж гардуулав.


Энэ үеэр Монголын сэтгүүл зүйн салбарын өнгөрсөн 107 жилийн түүхэн дэх үе үеийн шилдэг нийтлэлчдийн сор бүтээлийг эмхэтгэж дээжилсэн "Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн дээжээс өргөн барьсан юм.




"Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төв ТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ, доктор, профессор Т.Баасансүрэн хэлэхдээ, “Энэхүү цувралыг бид 2010 оноос хэвлэж эхэлсэн юм. Эдүгээ 60-аад боть нь уншигчдын гарт очоод байна. Хот, хөдөөгийн номын сангууд, сэтгүүлч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын номын сан, Сэтгүүлзүйн тэнхимд боть тус бүрээс хоёр ширхгийг үнэ төлбөргүй хүргүүлдэг. Мэргэжлийн сургалт, бичлэгийн арга барилын дадлага олгох болоод эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулаад арван жил өнгөрлөө. Эрэлт хэрэгцээ ихтэй цувралын нэг болсон” хэмээв.


Мөн тэрбээр Монголын хэвлэлийн хүрээлэн, МОНЦАМЭ агентлагийн номын сангууд ном зохиолоор элбэг баян, залуу сэтгүүлч боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургахад өөрсдийн их хувь нэмэр оруулж байдгийг бид сайн мэднэ. Ариун ном эрдмийн өргөө, үе үеийн шилдэг сэтгүүлчдийг төрүүлж өсгөж хөгжүүлэх үнэт уурхай болж ирсэн. МОНЦАМЭ агентлагийн 100 жил, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 25 жилийн ойг тохиолдуулан “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төвийнхөн шилдэг нийтлэлийн цуврал дээж бичгүүдээр мялааж байна. Эдгээр ботийг анхааралтай уншиж судалж үзэх юм бол Монголын сэтгүүлзүйн салбар билэг авьяастнууд, уран үгийн мастеруудаар халгиж бялхаж ирснийг аяндаа мэдэрч, өөрийн эрхгүй баярлаж бахархах сэтгэгдэл төрөх болно гэж онцоллоо.


МОНЦАМЭ агентлагийн дэд дарга Ш.Батболд, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах нар хариу талархал илэрхийлэн "Монголын шилдэг нийтлэл” цувралаар номын сангаа баяжуулж байгаадаа баяртай байна. Эдгээр ховор нандин бүтээлийг эрдэм шинжилгээ, сургалтдаа ашиглах болно гэдгийг илэрхийлсэн юм. 


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Хэвлэлийн хүрээлэн түүхт ойн хүрээнд үзэсгэлэн гаргах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр олон төрлийн ажил зохион байгуулж байгаагаа энэ үеэр мэдээлэв.




Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ