Эрдоган С-400-тэй холбоотой хэлэлцээр дууссаныг мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /RIA Novosti/. Агаарын довтолгооноос хамгаалах Оросын С-400 системийг худалдаж авах асуудлаар АНУ-аас байнга дарамт шахалт үзүүлж байгааг Турк улс хүлээн зөвшөөрч чадахгүй бөгөөд ОХУ-тай хийсэн хэлэлцээр дууссан, дахиж хянахгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.
"АНУ эхлээд С-400-гээр шалтаглан бидэнд F-35-ийг (хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцнууд) зараагүй алдаагаа засаг. С-400-тэй холбоотойгоор бидэнд байнга дарамт үзүүлэх нь хүлцэшгүй зүйл юм. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, одоо буцах зам байхгүй" гэж Эрдоган АНУ-д айлчлах үеэрээ Туркийн сэтгүүлчдэд хэлснийг “Hurriyet” сонин онцолжээ.
ОХУ-ын зенитийн пуужингийн "С-400" цогцолборыг худалдан авах гэрээг хоёр улс 2017 онд байгуулж, агаарын довтолгооноос хамгаалах уг системийг Туркийн талд 2019 оны зун, намар нийлүүлсэн билээ. Энэхүү хэлэлцээр Турк, АНУ-ын харилцаанд ан цав үүсгэсэн юм. Вашингтон уг цогцолборын оронд Америкийн “Patriot “цогцолборыг худалдаж авахыг шаардаж, Туркт хамгийн сүүлийн үеийн “F-35” сөнөөгч онгоцоо худалдахаа хойшлуулах, эсвэл бүр цуцална гэж сүрдүүлж, хориг арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч Анкара С-400 системээс татгалзаагүй бөгөөд түүгээр ч барахгүй наймдугаар сарын сүүлчээр Эрдоган Оросоос “С-400” системийн хоёр дахь хороог худалдаж авахад эргэлзэхгүй байгаагаа мэдэгджээ.