НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дахин халдвар илрээгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НҮБ. /TASS/. Бразилын төлөөлөгчийг тусгаарласны дараа Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр коронавирусний халдварын шинэ тохиолдол илрээгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик пүрэв гарагт мэдээлжээ.
"Би дөнгөж сая эмнэлгийн албаны даргатай ярьсан. Бидэнд мэдээлсэн халдвараас гадна сүүлийн 24 цагт шинэ халдвар гараагүй" гэж тэрбээр хэлсэн байна.
"Бид халдвар илэрсэн төлөөлөгчийн Ерөнхий Ассамблейн танхимд уулзсан болон уулзсан байж болох бүх хүнийг олж тогтоосон" гэж Дюжаррик онцлон тэмдэглэсэн байна. Халдвар илэрсэн Бразилын төлөөлөгч "НҮБ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй нүүр тулж уулзаагүй бөгөөд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонарутой хийсэн хоёр талын уулзалтад оролцоогүй" болохыг тэрбээр онцолжээ.
НҮБ-ын чуулганд оролцохоор Нью-Йоркт айчлах үеэр Болсонаруг дагалдан явсан Бразилын Эрүүл мэндийн сайд Марселу Кейрогагийн коронавирусний шинжилгээний эерэг гарсан тухай мягмар гаргийн орой мэдээлсэн юм. Кейрога АНУ-д 14 хоног тусгаарлагдахаар болсон бөгөөд Болсонару тэргүүтэй бусад төлөөлөгчид тэр оройдоо Бразил руу нисчээ. Кейрога Эрүүл мэндийн сайдын албыг хашихаасаа өмнө гуравдугаар сард коронавирусний вакцин хийлгэсэн байсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж.