ДЭМБ:Вирусийг бүрмөсөн устгах боломжгүй ч эндэгдэл, хүндрэлийг таслан зогсоох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-24 12:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “КОВИД-19” цар тахлыг үүсгээд буй вирус эргэлтэд байсаар байх магадлал их байна. Тэгэхээр бидний хувьд вирусийг бүрмөсөн устгах боломжгүй байгаа ч вирусээс үүсэж байгаа эндэгдэл, хүндрэл, хохирлыг таслан зогсоох боломжтой гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч  Сергей Диордица ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.

 

Тэрбээр, “ДЭМБ энэ сарын дотор дэлхийн бүх улс орны  хүн амын 10 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг амжилттай эхлүүлээд явж байгаа билээ. Вакцин нь өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах арга гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Хэдийгээр найдвартай сайн вакцин байсан ч цар тахлыг таслан зогсооход хангалтгүй байгаа.

Тийм учраас тандалт судалгаа, шинжилгээ, эрт илрүүлэг, тусгаарлалт, эмчилгээг үргэлжлүүлэн маш сайн хийж ажиллах ёстой юм. Нийгмийн эрүүл мэндийн болон бусад арга хэмжээг давхар анхаарч сахих хэрэгтэй. Амны хаалт зүүх, зай барих, олноор цуглахаас аль болох зайлсхийх, гараа сайтар угаах нь цар тахлыг давахад чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар бидэнд байгаа судалгаа баримтаас үзэхэд дэлхийн хэмжээнд дархлаажуулалтыг тогтоох хамгаалалтын түвшин хангалтгүй байна. Дэлхийн ихэнх хүн ам энэхүү вирусний халдварт өртөх магадлалтай. Цар тахал эхэлснээс хойш 600 өдөр өнгөрсөн энэ хугацаанд дэлхийн улс орнууд шинэ амьдралын хэв маягт аажим шилжин орж байна. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зарим оронд дуусгавар болсон мэт зарим оронд өрнөж буй дүр зураг харагдаж байна" хэмээв.


Мөн тэрбээр ДЭМБ хүний амь насыг аврах, цар тахлын хурцадмал үе шатыг дуусгахад анхаарч ажиллаж байгаа. Вирус цаашид нутагшиж, эргэлтэд байх уу гэдэг нь олон хүчин зүйлээс хамаарна. Үүний нэг нь тухайн хүн амын дархлаажуулалтын түвшин юм.  Тиймээс вакциндаа цаг алдалгүй хамрагдаж, хувь хүн, албан байгууллага  бүр учирч болох хор хохирлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ