Мишустин газрын тос, байгалийн хийн хэрэглээг багасгахад бэлтгэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-09-24 16:00:01

МОСКВА. /vedomosti/. ОХУ газрын тос, байгалийн хий, нүүрсний хэрэглээг аажмаар багасгах бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна гэж тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин шадар сайд нартай хийсэн шуурхай хурлын үеэр мэдэгджээ.


“Дэлхийн эдийн засаг нүүрстөрөгч багатай эрчим хүч рүү аажмаар шилжиж байна. Энэ бол шинэ бодит байдал юм. Уламжлалт түлш болох газрын тос, хий, нүүрсний хэрэглээг үе шаттайгаар багасгах бэлтгэл ажлыг хангах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, орлох эрчим хүчийг хөгжүүлэх, тохирох дэд бүтцийг бий болгох шаардлагатай байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Мишустиний хэлснээр, Оросын эдийн засгийг дэлхийн эрчим хүчний шилжилтэд дасан зохицуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ оны эцэс гэхэд батлах ёстой байна. Үүний тулд Засгийн газар тусгай ажлын хэсгүүд байгуулна.


Ирэх сард ОХУ-ын Засгийн газар 2050 он хүртэл урт хугацааны эдийн засгийн хөтөлбөр боловсруулахаар төлөвлөжээ. Уг хөтөлбөрт эрчим хүч, нүүрстөрөгчийн тэнцэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, ДНБ, хөрөнгө оруулалт, боломж, эрсдэлийн талаарх мэдээллүүдийг тусгах аж.


Холбоотой мэдээ