"Орос хэлний баяр" Алтай хотод эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2021-09-26 15:16:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баруун бүсийн ЕБС-ийн 12-р ангийн сурагчдын орос хэлний мэдлэг чадварыг сорих, орос хэлний багш нарын туршлага солилцох уулзалт, "Орос хэлний баяр" Алтай хотод эхэллээ. 


Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар “Баруун бүсийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос хэлний багш нарын туршлага солилцох уулзалт”-ыг есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. 

Гурван өдөр үргэлжлэх үйл ажиллагааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинов Базархандаев тэргүүтэй хүндэт зочдыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар  холбогдох албаны төлөөллийн хамт хүлээн авч, энэ өдрүүдэд өрнөх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцан, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. 

Үүний дараа Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд зочлон орос хэлний мэдлэг сорих олимпиад, соёлын үйл ажиллагааны нээлтэд оролцсон бөгөөд зочдыг сургуулийн хамт олон халуун дотноор хүлээн авч, ахлах ангийн сурагчид мэндчилгээ дэвшүүлэв. Олимпиадад Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн багш сурагчид оролцож буй бөгөөд тэргүүн байр эзэлсэн сурагчдад ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах эрхийн бичиг олгох бол шалгарсан Орос хэлний багш нарт ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй хамрагдах эрх олгох юм.

Баруун таван аймгийн шилдэг сурагчдыг ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, орос хэлний мэргэжилтэн бэлтгэх, багш, сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах, уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохиож буй ажээ.