Т.Энхтөр: Иргэдийг эрүүл, чанартай, эко хүнсээр хангах нь миний гол зорилго

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-09-27 17:56:18

Увс /МОНЦАМЭ/. “Увсын шар тарвас” гэсэн шинэ брэнд бий болгоод буй Тариалан сумын залуу тариаланч Тулгаагийн Энхтөр хэмээх залууг энэ удаад онцлон сурвалжиллаа. Тэрбээр энэ жил шар тарвас, улаан лооль, амтат гуа, газрын алим, цэцэгт байцаа, чинжүү, хунчир зэрэг ховор төрлийн ургамлууд тариалсан нь эрэлт ихтэй байна.

Цаг агаар эрт хүйтрээд ургацын болц, гарц санасан хэмжээнд хүрээгүй ч тэрбээр 10 орчим тн шар тарвас, улаан лоолийг аймаг орон нутгийнхаа зах зээлд нийлүүлээд байна. “Задгай талбайд тариалдаг болохоор эрсдэл ихтэй ч арвин ургац хурааж авах боломжтой юм” хэмээн ярих энэ залуу гурван жилийн хугацаанд 18 сортын нарийн ногооны үрийг Тээлийн шугуйд туршин тариалжээ.

Ийнхүү залуу тариаланч байгальд ээлтэй аж ахуй эрхэлж, хүн ардыг эрүүл, чанартай, эко хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь сайшаалтай байна. Энхтөр ирэх жилээс тариалалтын талбайгаа нэмэгдүүлж, илүү арвин ургац хураах хүсэлтэй байгаа аж.

Аймаг, сум орон нутгаас гадна аймгийн ХХААГ-аас ажилсаг, бүтээлч энэ залууг дэмжиж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа нь сайшаалтай. Мөн хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд ч ихээхэн байгаа гэнэ. Одоогоор Т.Энхтөр “Увс хүнс” компанитай гэрээ байгуулан ажиллаж, шар тарвас, улаан лоолио нийлүүлж байна.


-Увсад шар тарвас тарьж амжилттай ургуулсан байна. Хэдий хэмжээний талбайд тарвас тарьж, хэр хэмжээний ургац аваад байна вэ?

-Энэ жил 40 сот газарт шар тарвас үрсэлгээгээр тарьсан. Мөн улаан лоолийг 1 га 20 сотод тариалсан. Уг нь бол миний тооцоогоор арвин ургац гарахаар байсан. Гэвч энэ зун их халсангүй, бас намар эрт сэрүүн орж ургацын гарц бага, болц тааруу байлаа. Нийтдээ тарвас 4 тн, улаан лооль 8 тн-ыг хураан авч борлуулаад дууслаа.

Тарвас болон төрөл бүрийн нарийн ногоог сүүлийн 3-4 жилд туршилтаар тарих болсон. Тэгэхдээ Улаанбаатар хотоос гадна Ховд аймаг, Орос, Хятад улсаас хүртэл үр авч байлаа.

Ирэх жилээс тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлнэ. Шар тарвасыг хүмүүс их сонирхож, хот хүрээнээс хамтарч ажиллах санал ирж байна. Задгай талбайд тарвас, хүнсний нарийн ногоонуудыг тарьж байгаа болохоор эрсдэл ихтэй юм. “Увс хүнс” компанитай гэрээтэй ажиллаж, тарвас кг-ыг 2 мянган төгрөгөөр худалдсан. Анхандаа 1 кг улаан лоолийг 6 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Талбай том, ургац их, цаг агаар эрт хүйтэрсэн тул сүүлдээ 3 мянга болгож үнээ буулгасан. Хурдан борлуулахгүй бол муудах эрсдэлтэй учир аргагүйн эрхэнд үнээ буулгасан. Хямд худалдахаар хүлэмжид улаан лооль тарьж байгаа хүмүүс үнэ буулгалаа гээд хэл ам хийсэн тал бий. Зоорьгүй болохоор тарьсан жимс, ногоогоо хямдхан борлуулаад дуусгадаг. Ер нь тэгээд улаан лоолийг хавар эрт тариад, намар эрт хураадаг болохоор зоорийн шаардлага гардаггүй байсан. Одоо гэхдээ зоорь барихгүй бол болохгүй юм байна.

Ургац хураалтын үеэр оюутан, сурагчдыг хөлсөлж ажиллуулсан. Ирэх жилээс их хэмжээгээр тарих учир ажилчид хэрэгтэй болно. Мөн тариалалт нэмэгдэх тусам янз бүрийн тоног төхөөрөмжүүд нэмж авах шаардлага гарч байна.

-Төрөл бүрийн жимс, ногоо тариалах нь таны хобби болсон уу?

-Би хүүхэд байхаасаа л аав ээждээ туслан тариа ногоо тарьж өссөн. Улаангом политехник коллежийн агротехникийн ангийг 2011 онд төгсөөд энэ талбайг худалдан авч газар тариалангийн салбар луу эргэлт буцалтгүйгээр орсон.

 Би аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Одоо 30 настай, гэрлэж амжаагүй л явна. Төрөл бүрийн амтат жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалж, хүмүүсийг эрүүл, чанартай, эко хүнсээр хангах нь миний гол зорилго. Жимсийг маань амталсан хүмүүс ер бусын мэдрэмж авдаг гэдэг, Ялангуяа Увсад амьдардаг гадаадын хүмүүс ирж жимс их авч, баярлаж талархсанаа илэрхийлдэг. Хүмүүсийн ингэж баярлаж байхыг харах надад үнэхээр сайхан, бас их жаргалтай байдаг. Иймээс жимс, ногоо тариалах нь миний хобби болсон.

Газар тариалангийн ажилд маань гэр бүлийнхэн, бас ах дүү, найз нөхөд минь их дэм тус болдог. Мөн сум орон нутгаас дэмжиж, зээл тусламж харамгүй өгдөг. Тэрчлэн аймгийн ЗДТГ, ХХААГ-аас дэмжиж урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр усалгааны систем олгосноос гадна талбай руу гэрэл цахилгаан татаж өглөө. Энэ бүх хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө илүү их хичээж ажиллах хэрэгтэй байна.

-Шар тарвас хүний биед ямар ач тустай вэ?

-Увс аймгийн цаг уурын нөхцөлд тааруулан аль болох хоног багатай сортыг сонгож авч тариалж байгаа. Хоног ихтэй болохоор ургалтын хугацаа гүйцэхгүй юм билээ. Миний тариалж байгаа шар тарвас бол 70-80 хоногтой Оросын “Нарны билэг” гэсэн сортын үр. Үүний өмнө Хятадын Шинжааны Шинпу сортын тарвасын үр авч тарьж үзсэн. Энэ жил хил хаалттай байсан болохоор үр олдохгүй хэцүү байлаа. Энэ өвөл шар тарвасыг их хэмжээгээр тариалах бэлтгэл ажлаа хийнэ. Орос улсад хамгийн шилдэг сорт. Хүний биед ач тус ихтэй. Өндөгний шар, С витамины агууламж өндөртэй, бөөрөнд ачаалал өгөхгүйгээр бөөрийг цэвэршүүлж байдаг гэсэн. Мөн даралт ихтэй хүмүүс хэрэглэвэл нарийссан судсыг тэлж өгдөг, жин барихад тустай, нүдний хараанд сайн, сахарын агууламж нь хамгийн зохистой хэмжээнд байдаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд зохимжтой гэх мэт маш олон давуу талтай юм билээ.

-Талбайгаа хэрхэн арчилдаг вэ?

-Залуу хүний хувьд дан ганц ашгийн төлөө зүтгэхгүйгээр ирээдүйгээ харж, алсын бодолтой ажиллахыг хүсч байгаа. Би бүх насаараа газар тариалантай нөхөрлөж, үүгээр хоолоо олж идэх тул аль болох эрүүл, чанартай эко жимс тарих нь хамгаас чухал. Иймдээ ч тарвас болон хүнсний нарийн ногоондоо хор цацдаггүй. Тэгсэн хэдий ч манай талбайд элдэв төрлийн өт хорхой, шавж байхгүй. Энэ бүхэн хамгийн сайн чанарын үр сонгож авдагтай холбоотой байх. Тариалангийн талбайд янз бүрийн өвчин гарч, хорхой шавж ихэсвэл түүнийг арилгахад бэрх болно, цаашлаад хүний эрүүл мэндэд хортой шүү дээ. Мөн өвчин гарлаа гэхэд түүнд хэрэглэнэ гэсэн бодисууд гадаадаас орж ирдэггүй. Ийм эрсдэлтэй учир үрээ маш зөв сонгох хэрэгтэй.

Үр авахаар дагалдаад цаасан дээр бүх хоног хугацаа, усалгаа, бордоо, арчилгаа зэрэг нь бичээтэй ирдэг бөгөөд түүнийг нь сайн мөрдөх хэрэгтэй. 

Шар тарвас нимгэн хальстай тул хурдан сэвтэж муудах эрсдэл ихтэй. Жишээ нь мөндөр цохилоо гэхэд задгай талбайд тарьсан тул хальс нь дорхноо цоорч гэмтдэг. Муудсан тарвасыг шувуу их амтархан иддэг. Хэрээ, шаазгай шувууд бол хальсыг нь ч үлдээхгүй цөмөөд идчихэж байгаа.

Манайх энэ жилээс аймгийн МХГ-ын лабораториор шар тарвас, улаан лоолио шинжилгээнд оруулчихаад “Увс хүнс”-ийн дэлгүүрээр худалдаж эхэлсэн. Ямар ч асуудал байхгүй, дандаа органик бордоог хугацаанд нь хэрэглэж байгаа болохоор ямар нэгэн сөрөг зүйл гарч ирээгүй. Шар тарвасын нитритийн агууламж тиг, улаан лоолийнх 66.6 гарсан. Улаан лоолийн нитритийн агууламж 66.6 гээд гараад ирэхээр нь юун их тоо гараад ирэв гэж айгаад бордоо болохоо байсан юм байх даа гэж бодоод интернэт ороод харсан чинь бүр сайн, органик болчихсон байсан. Улаан лоолийнх 100-гаас доошоо бол сайн, дээшээ бол хүний эрүүл мэндэд муу юм билээ. Ховдын тарваст нитрит 33.3-тай илэрсэн байсан. Тарвасын нитритийн агууламж 60-аас дээш бол хүний биед муу, хорт хавдар үүсгэдэг гэсэн.

-Газар тариалангийн ажил улирлын чанартай шүү дээ. Тэгэхээр өвөлдөө юу хийж байна?   

-Өвөлдөө үр авна, бас хаврын тариалалтын бэлтгэл ажлаа хийдэг. Өвөл бэлдэж авахгүй бол хавар тариалалт эхлэхээр ажил давхцаад хүн хүч дуттаг. Хүмүүс авч ажиллуулбал 1-2 өдөр ажиллаад алга болдог. Ургац хураалтын үеэр өдрийн 30 мянгаар хүн хөлсөлж ажиллуулсан. Хүмүүс талбай руу гарч ирнэ гэсээр байгаад үд хүрээд, түүнээс хойш ирж ажилладаг. Тарвасыг хурааснаас хойш сар, улаан лоолийг 14 хоног хадгалах боломжтой. Дараа жилээс тээвэрлэдэг, хадгалдаг, шилдэг сортын үрийг захиж авч тариална.  

“Шинэ хөдөө” төслийн дэмжлэгээр манай талбай руу 72.1 сая төгрөгөөр гэрэл цахилгаан энэ зун татаж өгсөн. Мөн хүлэмж ирсэн бөгөөд бичиг баримтаа бүрдүүлж өгөөд аваарай гэсэн. Боловсруулах цех ажиллуулах боломж одоохондоо алга байна. Яваандаа ургацын гарц нэмэгдэж, борлуулалт тогтвортой болоод ирвэл зарим тулгамдсан асуудлаа ээлж дараатай шийдээд явна.

Энэ ташрамд газар тариалан эрхэлж байгаа үе тэнгийн болоод дүү нартаа хандаад аливаа зүйлд шантрахгүй байж, тууштай явбал үр дүн заавал гарна шүү гэж хэлмээр байна. Миний хувьд анхандаа газар тариалан эрхлээд явж байхад хэцүү, шантрах үе зөндөө гарсан. Гэвч хүн бүр туслаад, дэмжээд ирэхээр урам авч, илүү их хичээж ажиллах болсон.

-Амжилт хүсье. Зорьсондоо заавал хүрээрэй.


 


 

 

 

 

 

Холбоотой мэдээ