Мөрөн сумын төсөвт тодотгол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-09-28 10:39:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6-р хуралдаан боллоо.  Хуралдаанаар  Мөрөн сумын 2021 оны төсөвт тодотгол оруулах тухай, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хийх ажлыг Багийн иргэдийн нийтийн хурлын хуралдаанаар эрэмбэлсэн тухай асуудлуудыг хэлэлцлээ.  

Мөрөн сумын 2021 оны төсөвт оруулах тодотголоор аймгаас олгох санхүүгийн дэмжлэгийг 130 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 16,5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, сумын ерөнхий орлогын 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл болох 216,4 сая төгрөгийг шаардлагатай зардлын эх үүсвэр болгон зарцуулахаар тусгав.


Мөн төсвийн тухай хуулийн 56-р зүйлийн дагуу 2020 оны сумын давсан орлогын 30 хувь болох 166,7 сая төгрөгийг дээд шатны төсөв болох аймгийн орлогод төвлөрүүлэхээр заагдсаны дагуу шилжүүлэхээр болов.


Хуралдааны үеэр Мөрөн сумын Засаг дарга Б.Батбаяр коронавирусний халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар, Мөрөн суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын талаар төлөөлөгчид болон урилгаар оролцож байгаа албан тушаалтнуудад мэдээлэл өглөө. Мөн Мөрөн сумын өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж байгаа асуудлын талаар "Хөвсгөл Ус суваг" ХХК, "Хөвсгөл Эрчим хүч" ХХК, "Хөвсгөл Дулааны станц" ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.


Холбоотой мэдээ