Америкийн генералууд Афганистанд цэргүүдээ үлдээхийг зөвлөж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-29 11:13:17

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн цэргүүдийг Афганистанаас наймдугаар сард бүрэн гаргахаас өмнө тус улсад 2500 цэрэг үлдээхийг зөвлөсөн гэдгээ АНУ-ын хоёр генерал мэдэгджээ.


Конгресст генерал Марк Милли, Фрэнк Маккензи нар ийнхүү мэдэгдсэн нь Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгнээс зөрж байна. Тодруулбал, Ж.Байден цэргүүдээ үлдээх зөвлөгөөг хэн ч өгөөгүй гэж мэдэгдэж байв.


Тийнхүү “Талибан” хөдөлгөөн Афганистанд асар богино хугацаанд хяналтаа тогтоож, наймдугаар сард засгийн эрхийг авсан юм.


Хоёр генерал Сенатын Зэвсэгт хүчний хорооны сонсголд Батлан хамгаалахын сайд Ллойд Остины хамт мягмар гарагт оролцжээ. М.Миллигийн ярьснаар, Афганистаны Засгийн газар нуран унасан нь АНУ-ыг гайхшруулсан байна. 


Талибууд засгийн эрхийг авсны дараа улс орнууд иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэнтэй зэрэгцэн Кабул хотын нисэх буудалд эх орноо орхин явах хүсэлтэй олон мянган афган иргэд цугларч, эмх замбараагүй байдал үүссэн юм.


Нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үеэр амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 182 хүн амиа алдсаны дунд Америкийн 13 цэрэг, Афганистаны 169 иргэн байв. Халдлагыг наймдугаар сарын 26-нд нисэх буудлын хаалганы ойролцоо үйлдсэн юм.


Афганистанд цэргүүдийг үлдээх тухайд


Афганистанаас цэргүүдийг гаргах ажиллагааг хариуцан явуулсан АНУ-ын Төв командлалын тэргүүн, генерал Ф.Маккензи Сенатын сонсголд оролцох үеэрээ, Афганистанд 2500 цэрэг үлдээх санал гаргасан гэдгээ хэлжээ.


Энэ нь Ерөнхийлөгч Ж.Байдены наймдугаар сарын 19-нд “ABC” телевизийн сэтгүүлчтэй ярилцах үеэрээ хэлсэн үгтэй зөрчилдөж байна. Ерөнхийлөгчийн хэлснээр, түүнд цэргүүдээ үлдээх зөвлөгөөг хэн ч өгөөгүй байна.


Генерал М.Миллигийн хувьд цэргүүдийг үлдээх саналыг дэмжиж байсан гэдгээ илэрхийлсэн ч Ж.Байден "ташаа мэдэгдэл” хийсэн эсэх талаарх Аляска муж улсын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Дан Салливаны асуултад шууд хариулахаас татгалзжээ.


Хожим нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэхүү асуудлын талаар мэдээлэл өгөхдөө, “Ерөнхийлөгч Штабын дарга нар, цэргийнхний илэн далангүй зөвлөгөөг чухалчлан авч үздэг. Гэхдээ энэ нь үргэлж санал нэгддэг гэсэн үг биш юм” хэмээн мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, цэргүүд Афганистанд байрласан хэвээр байсан бол АНУ одоо талибуудтай дайтаж байх байжээ. 

Холбоотой мэдээ