Увс нуурын ДЦГ-т отоглох цэг байгуулж, ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-09-29 12:35:44

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурыг зорин ирэх аялагч амрагчдыг ая тухтай, цэвэр орчинд, байгаль орчиндоо ээлтэй аялуулах зорилгоор Увс нуурын дархан цаазат газрын аялал зугаалгын бүсийн 3 га газарт “Отоглох цэг”-ийг байгуулж, ашиглалтад оруулаад байна.

Уг ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 170 сая төгрөгийн санхүүжилтээр “Өлзий бэл” ХХК энэ зун хийж гүйцэтгэжээ. Үүнд машины зогсоол, майхан барих цэг, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, саравч, бүхий цогц орчныг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой байна.  

"Отоглох цэг ашиглалтад орсноос хойш 12 мянга гаруй аялагч, амрагчид үйлчлүүлээд байна. Энэхүү цэг бий болсноор иргэд нуурын эрэгт машинтайгаа хэт тулж зогсохгүй байж, хог хаягдлаа зориулалтын хогийн цэгт хийн, соёлтой боловсон үйлчлүүлдэг боллоо. Ингэснээр Дэлхийн өвд бүртгэлтэй Увс нуурын экосистемийг хадгалж хамгаалахад чухал нөлөө үзүүлж байна" хэмээн Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн хэллээ.


Холбоотой мэдээ