Коронавирусний вакцин хийлгэсэн тохиолдолд маск зүүх шаардлагатай юу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-29 17:50:14

ВАШИНГТОН. /NBC Washington/. Коронавирусний вакцинд хамрагдсан хүмүүс халдварын хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, халдварын улмаас нас барах эрсдэл буурах хэдий ч эмзэг бүлгийн буюу вакцинд хамрагдаагүй хүмүүс, 12-оос доош насны хүүхдүүд, сул дархлаатай хүмүүст халдвар дамжуулах эрсдэлтэй юм.


"Хэдийгээр COVID-19”-ийн эсрэг вакцинууд өндөр үр дүнтэй байгаа боловч тэдгээр нь төгс биш учраас вакцинаас үл хамааран вирусний шинэ хувилбарууд гарах болно" гэж АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд мэдээлжээ.  


Түүнчлэн энэ оны долоодугаар сарын сүүлийн байдлаар АНУ-ын вакцины бүрэн тунд хамрагдсан 125000 орчим хүний шинжилгээний хариу “эерэг” гарсан байна. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд энэхүү дэгдэлтийн үндэс нь “Дельта” хувилбар хэмээн үзжээ.


Иймд коронавирусний вакцинд хамрагдаагүй, хамрагдаж чадаагүй хүн амыг хамгаалах, халдварын тархалтыг цаашид нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх энгийн арга бол амны хаалт зүүх явдал юм.


Ямар төрлийн амны хаалт хамгийн тохиромжтой вэ?



Судалгаагаар N95 болон KN95 амны хаалтыг зөв зүүсэн тохиолдолд бохирдуулагч бодисын 95 хувийг шүүх чадвартай байдаг нь тогтоогджээ. Үүний зэрэгцээ мэс заслын ердийн амны хаалт бохирдуулагч бодисын 40 хувь, нэг давхар даавуун амны хаалт 20 хувийг шүүх чадвартай байдаг нь тогтоогдсон байна.


“Өөрийгөө болон бусдыг халдвараас илүү сайн хамгаалах нэг арга бол даавуун амны хаалтыг мэс заслын ердийн амны хаалттай давхар зүүх явдал юм” гэж Яаралтай тусламжийн тасгийн эмч, доктор Мелисса Кларк дурджээ.


Халдварын “Дельта хувилбараар өвдсөн тохиолдолд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг өөр байдаг уу?


Халдварын “Дельта хувилбараар өвдсөн тохиолдолд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь коронавирусний анх илэрсэн хувилбартай ойролцоо боловч хурдан халдварлах чадвартай гэдгээрээ ялгаатай байна гэж АНУ-ын Калифорнийн их сургуулийн дэргэдэх “UC Davis эрүүл мэндийн төвөөс мэдэгджээ.


Мөн коронавирусний вакцин хийлгэсэн боловч халдварын “Дельта” хувилбараар өвдсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй болон хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Хөнгөн тохиолдолд ханиалгах, халуурах, толгой өвдөх, үнэрлэх мэдрэхүй алдагдах зэрэг шинж тэмдэг илэрч болно гэж тус төвийн мэдээлэлд мөн дурдсан байна.  

Холбоотой мэдээ